“Хаврын өнгө” өргөтгөсөн худалдааг Ховд аймагт зохион байгуулж байна

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-27 11:31:12

Ховд /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан “Хаврын өнгө” хямдралтай өргөтгөсөн худалдааг Ховд аймагт зохион байгуулж байна.

Энэ нь орон нутгийн иргэдийг дэмжих, хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэг цэгээс хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрдүүлэх зорилготой.  

Иймээс аймгийн төв болон хөдөөгийн сумаас бизнeс эрхлэгч иргэд оролцож байгаа юм. Зарим өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн талаар бизнeс эрхлэгчдээс тодрууллаа.  

Ховд аймагт өнөөдрийн байдлаар ааруул кг тутамд 25 мянга, сар шинийн тавгийн бүтэн идээг 250-280 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн Ховд аймгийн Булган сумынхан, тэр дундаа торгууд угсаатнууд жил бүр уламжлал болгон хийдэг гүрмэл боорцог 75-85 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Үхэр, хонины мах кг тутамд дунджаар 11500 төгрөгийн үнэтэй байна. Мөн зах, худалдааны төвд 1 кг ямааны махыг 10 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм.

Үүнээс гадна 1 литр шингэн сүү дунджаар 3000 төгрөгийн үнэтэй байна. 1 кг задгай гурилын үнэ дунджаар 1500 төгрөг байгаа аж.

Ийнхүү “Хаврын өнгө” хямдралтай өргөтгөсөн худалдааны үйл ажиллагаа "Эвийн хүч" худалдааны төвд энэ сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.  

Холбоотой мэдээ