Цагаан олимпын түүхэн замнал - “Сараево-1984”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-25 13:03:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй эхлэх гэж байгаатай /10 хоног/ холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа билээ.                           

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-г 20 гаруй жил удирдсан Х.А.Самаранчийн эрин үеийн анхны олимп нь “Сараево-1984” болсон юм. Тухайн үеийн югославчууд түүнийг ерөнхийлөгч болохоос 2 жилийн өмнө Японы Саппоро, Шведийн Гётеборг хотуудыг сунгаанд ялж, энэ эрхийг авч байжээ.

 

Япончууд санал асуулгын эхний шатанд давамгайлсан ч сүүлийн шатанд Шведийн ихэнх санал Югослав руу шилжсэнээр тэд 39:36-гаар ялалт байгуулсан юм.

 

Зохион байгуулагч хотууд олимп болгонд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг явдал Самаранчийн ачаар үгүй болсон. Испани эрхмийн хичээл зүтгэлийн ачаар югославчууд телевизийн эрхийг 100 сая доллараар арилжсан нь өмнөх олимпоос тав дахин өссөн дүн байлаа.

 

Түүнчлэн Югославын ард иргэд нутагт нь зохиогдох олимпыг амжилттай болгохын тулд хандив цуглуулж, бараг 500 мянган доллар босгожээ. ОУОХ нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчны замын зардлыг дааж, бага ч гэсэн тус хүргэсэн байна.

 

                                                                                    Сонирхолтой баримтууд

 

Зохион байгуулагчид олимпын бамбарыг Олимп уулнаас нисдэг тэргээр Дубровник хот руу хүргэв. Бамбар Югославын нутаг дэвсгэрийг дамжин 5289 км газар аялжээ.

 

Балканы хойгийн энэ улсад зохон байгуулсан “Сараево-1984” өвлийн олимпын наапамд 49 орны 1272 тамирчин /хоёул дээд амжилт) 6 спортын 39 төрөлд 12 хоногийн турш өрсөлдөв.

 

Монако, Виржиний арлууд, Пуэрто Рико болон Сенегал, Египет гэсэн хар тивийн орнууд цагаан олимпод анх удаа тоосоо өргөжээ. Цанын тэмцээнд эмэгтэйчүүдийн 20 км-ийн уралдаан багтсан юм.

 

ОУОХ сонирхогчийн зэрэглэлийн тамирчдын эсрэг хийх тулаанаа үргэлжлүүлж, хууль бус рекламны гэрээ байгуулсан уулын цаначин Ингмар Стенмарк, Ханни Венцель нарыг олимпод оролцохыг хориглов.

 

Югославчууд 1968 оноос олимпын наадмыг хүлээн авахад бэлдэж, барилга байгууламжуудыг барьж эхэлсэн. Улмаар олимпын нийслэлээр тодорсны дараа 1979-1983 оны хооронд олимпын тэмцээн явагдах 9 цогцолборыг сэргээн засварлажээ. Харамсалтай нь хожим Югославын иргэний дайны үеэр эдгээр цогцолборуудын ихэнх нь эвдэрч сүйдсэн юм.

 

“Сараево-1984”-ийн гол баатар нь Финландын цаначин бүсгүй Маря-Лииса Хамалайнен байв. Тэрбээр хувийн гурван төрөлд (5, 10, 20 км) түрүүлж, 4х5 км-ийн буухиад багийн нөхдийнхөө хамтаар хүрэл медаль авсан байна. “Скво-Вэлли-1960” олимпын цанын 50 км-ийн уралдаанд түрүүлсэн Калеви Хамалайнений охин тэрбээр 6 олимпод (1976, 1980, 1984, 1988, 1992, 1994) хурд сорьсон анхны эмэгтэй тамирчин болж түүхэнд үлджээ.



 

Бүжгийн хос төрөл олимпын хөтөлбөрт багтсанаас хойш алтан медалийг бусдад алдаж үзээгүй ЗХУ-ын гулгагчид энэ удаа Их Британийн Ж.Торвилл, К.Дин нарын хосыг барсангүй.

 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл нэлээн өрсөлдөөнтэй болж, Зүүн Германы тамирчин, хожим өвлийн спортын секс бэлгэ тэмдэг хэмээн алдаршсан Катарина Витт аваргаллаа.

 

Барууны хэвлэл мэдээллийнхэн түүнд “Социализмын хамгийн сайхан дүр төрх” гэсэн нэр хайрласан бол Германы нууц цагдаагийн алба түүнийг Америк руу дүрвэн гарч магадгүй хэмээн 1354 хуудас бүхий материал цуглуулж байсан гэдэг. Гэхдээ Катарина Берлиний хана нуран унахаас өмнөхөн Америкийг зорьж, тэндхийн мөсний шоунд оролцох болсон юм.



 


Ардчилсан Герман энэ олимпод 57 тамирчинтай орж, 9 алт, 9 мөнгө, 6 хүрэл медаль аван багийн дүнгээр тэргүүллээ. Тэд бобслейгоор хоёр, уран гулгалтаар нэг, чаргаар нэг, трамплин харайлтаар нэг, гүйлтийн тэшүүрээр дөрвөн алтан медаль авсан юм.

 

Тэшүүрч бүсгүй Карин Энке 1000, 1500 метрт түрүүлж, 3000 метрээс мөнгөн медаль аван багийнхаа ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ 2010 онд Хумболтын их сургуулиас түүнийг Сараевогийн олимпын үеэр сэргээш хэрэглэж байсан тухай баримтыг дэлгэн тавьж байв.

 

Оросууд энэ олимпод 99 тамирчны нүсэр бүрэлдэхүүнтэй оролцож, нийт медалийнхаа тоогоор нэгд бичигдсэн ч алтынхаа тоогоор Зүүн Германы ард орсон юм. Тэд тэшүүрээр 9 медалийг өөрийн болгосон байна.

 

Гэрийн нохойны сүүл өөдөө гэгчээр югославчууд нутгийн дэвжээн дээрээ өвлийн олимпын анхны медалиа авчээ. Уулын цанын эрэгтэйчүүдийн жиант слаломын төрөлд оюутан залуу Юре Франко мөнгөн медаль авч, элэг нэгтнүүдээ баярлуулсан. Тэрбээр эхний оролдлогын дараа дөрөвт явж байсан ч сүүлийн гүйцэтгэлээрээ хамгийн шилдэг цагийг үзүүлж, дэд байр руу дэвшиж чадсан юм.

 

Эрэгтэйчүүдийн слаломын төрөлд Америкийн ихэр тамирчид болох Фил болон Стив Маре нар алт, мөнгөн медаль хүртсэн нь онцлог явдал байв. Уг нь Зөвлөлтийн авьяаслаг цаначин А.Жиров энэ төрөлд медалийн төлөө өрсөлдөх тамирчдын тоонд орж байв. Гэвч тэрбээр олимп эхлэхээс нэг жилийн өмнө автомашины ослоор нас барсан юм.

 

Трамплинаас харайлтын төрөлд Финландын М.Нюканен, Зүүн Германы Йенс Вайсфлог нар хоёр төрлийн алт, мөнгөн медалийг ээлжлэн хүртсэн. Тэд үсрэлтээ гүйцэтгэхдээ урагшаа улам бөхийх шинэ техник нэвтрүүлсэн нь амжилтад хүрсэн юм. Хожим трамплиний бүх тамирчин энэ техникийн дагуу гүйцэтгэлээ хийдэг болжээ.

 

Хоккейн тэмцээнд ЗХУ-ын баг түрүүлж, алдсан алтан медалиа эргүүлэн авлаа. Домогт хаалгач Владислав Третьяк олимпын наадмаас гурав дахь алтан медалиа аваад их спортоос зодог тайлжээ. Уг нь тэрбээр энэ үед ид гялалзах 32 насандаа байсан ч гэр бүлдээ илүү их цаг зарцуулах үүднээс ийм шийдвэр гаргасан гэдэг.


 

В.Тихоновын баг 8 тоглолт дараалан хожихдоо 58 шайб оруулж, ердөө зургааг алдсан юм. Третьякийн хаалганд гоол оруулна гэдэг бусад багийн хувьд биелэшгүй даалгавар болоод байв.

 

Зөвлөлтийн “Улаан машин” өмнөх олимпод гэнэгүй ялагдсан Америкаас хариугаа авахыг маш их хүсч байсан. Гэвч Америкийн баг нөгөө хэсэгт орж, 5 тоглолтоос ганцхан хожил авснаар дараагийн шатанд үлдэж чадаагүй юм. Канадын шигшээ хэсгээсээ хоёроор шалгарсан ч сүүлийн шатны бүх тоглолтдоо хожигдож, 4 дүгээр байр эзэлсэн байна.

 

ОУОХ-ны ерөнхийлөгч Х.А.Самаранч олимпыг хааж үг хэлэхдээ “Миний үзсэн хамгийн сайхан олимп энэ байлаа” хэмээсэн юм. Самаранч үүнээс хойш олимп бүрийн төгсгөлд ингэж хэлдэг уламжлалтай болсон билээ.

 

Монголчууд Сараевогийн олимпод цанын төрлөөр дөрвөн тамирчинтай оролцлоо. Эрэгтэйчүүдийн 15 км-т Л.Дорж 65, 30 км-т Л.Дорж 55, В.Ренчинхорол 61, Д.Ганхуяг 63 дугаар байр тус тус эзэлжээ. Харамсалтай нь манай нөгөө тамирчин П.Батсүхээс допинг илэрч, бүх үзүүлэлтээ хүчингүй болгуулж байв. Мөн 4х10 км-ын буухиад уралдсан Монголын багийн дүнг ч хүчингүй болгожээ. Олимпын наадамд оролцсон Монголын тамирчдаас допинг илэрсэн хоёр дахь тохиолдол нь энэ байв.

 

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

 

Улс                        Алт   Мөнгө Хүрэл   Нийт

 

1. БНАГУ                  9        9          6          24

 

2. ЗХУ                      6        10         9          25

 

3. АНУ                     4         4          -           8

 

4. Финланд             4         3          6          13

 

5. Швед                  4          2          2           8

 

6.Норвеги             3          2          4           9

7. Швейцар            2          2         1           5

 

8-9. ХБНГУ              2         1         1           4

 

8-9. Канад              2          1         1           4

 

10. Итали                2          -         -           2

 

11. Их Британи      1           -         -           1

 

12. Чехословак      -           2         4          6

 

13. Франц               -          1          2          3

 

14-15. Япон            -          1          -          1

 

14-15. Югослав      -          1          -          1

 

16. Лихтенштейн    -          -          2          2

 

17. Австри               -        -           1          1

 

Нийт                     39        39        39     117

Холбоотой мэдээ