ХАСХОМ-ийг шинэчлэн бүртгүүлэх ажил 40 гаруй хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-24 13:09:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шинэчлэн гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд 40 гаруй хувьтай үргэлжилж байна.


Тодруулбал, Монгол Улсад бий болсон коронавируст цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас өмнөх оны ХАСХОМ-ийг ирэх сарын 15-ны дотор шинэчлэн гаргуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас дээрх мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалт зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байгаа юм.


Мөн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 361 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.


Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 19 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж, 5 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 14 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгаж байна.

Холбоотой мэдээ