Чингис хаан болон алтан ургийн хаадын тамга

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2022-01-26 13:12:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эзэнт гүрний үед Чингис хаан өөрийн тамгатай байж, түүнийг нь наран тамга гэдэг байжээ. Харин Чингис хааны хөвгүүд болох Зүчи сүүлтэй онги, Цагаадай гилбэр, Өгөөдэй дэгрээ, Тулуй сэрээ тамгатай байсан байна.



Түүхийн ухааны доктор Б.Нямаа Алтан Орд, Цагаадайн улс, Өгөөдэй улс, Ил хаант улс, Юан улсын тамгануудыг нягтлан судлаад Монголын Эзэнт улсын хаадын тамганы ерөнхий хэлхээ, уламжлалыг ийнхүү гаргажээ.  


     Хаадын овгийн тамгыг хэрэглэх ёс журам нарийн байсан бөгөөд хаадын тамгыг хаан төрийн мөнгөн тэмдэгт, хаан язгууртны эд хэрэглэл, хааны ордны байгууламж, хаад язгууртны мутрын тамга гарын үсэг, улсын алт мөнгөн сан зэрэг Төр улсын чанартай зүйлд хэрэглэдэг байсан аж. 



Наран тамгыг мөн онгин тамга ч гэдэг бөгөөд сансар хорвоог гийгүүлдэг нарыг илэрхийлсэн дүрс юм. Харин ширээтэй наран тамга гэдэг нь монголчуудын эртний овог аймгийн нэгэн зүйл тамга аж. Хэнтий аймгийн Биндэр уулын ойрхон байдаг алдарт Рашаан хаданд дүрслэгдсэн эртний монгол аймгуудын тамганууд дотор ширээтэй наран тамга тод харагддаг байна.


Чингис хаан Хорезмыг эзэлсэн 1221 онд Самаркандад “Энэ бол Чингис хааны мөнгө” гэсэн бичээстэй мөнгөн зоос гаргаж түүн дээрээ ШИРЭЭТЭЙ ОНГИ, нуман тамга, өлзий сийлсэн байдаг байна.


2.Чингис хааны овгийн тамга ширээтэй онгин тамга байсан бол, түүний ахмад хүү Зүчийн үеийн зоос СҮҮЛТЭЙ ОНГИН тамгатай байдаг байнаЭнэ нь цаашдаа үе дамжин олон янзаар хувирч өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл, Монголын хаадууд 13-14 зуунд эрхшээн захирч байсан улс орондоо өөр өөрийн алдар нэр, он цаг, газар орныхоо нэр бүхий зоосон мөнгө гаргаж түүндээ өөр өөрсдийн тамгыг заавал дүсэлдэг хаан төрийн уламжлалтай байжээ.       










3. Энэ бол Зүч хааны ахмад хүү Бат хааны тамга. Ийм тамгатай эд зүйл олон олджээ. Үүний нэг нь түүний тамгатай тоосго юм. Түүнчлэн Алтан Ордны малтлагаас Бат хааны тамгатай мөнгөн ембүү олджээ. Хааны сан хөмрөгт буй алт эрдэнэсийг тамгалдаг байсныг энэ ембүү илтгэдэг байна.

                                      


3.Хоёрдугаар хүү Цагаадайн үед “Чагатай ярлык” гэсэн бичээстэй ГИЛБЭР тамгатай зоос гарсан байна.Энэ нь Цагаадайн зарлиг гэсэн үг юм.


Энэхүү гилбэр тамга дараа дараагийн хаадын мөнгөн дээр өөр өөр хувилбартай байна. 


 


4.Гутгаар хөвгүүн Өгөөдэй "ДЭГРЭЭ" тамгатай байжээ. “Оготайн ярлык”  буюу Өгөөдэйн зарлиг гэсэн бичээстэй ДЭГРЭЭ тамгатай зоос үүний баримт аж.  Өгөөдэйн үр удам бүгд дэгрээ тамгатай байсан байна. 2002 онд Монголын эртний нийслэл Хархорум хотын тууринд хийсэн археологийн малтлагаас олдсон жижиг мөнгөн зоос “Хар Хорум” гэсэн бичээстэйгээс гадна, "Дэгрээ" тамгатай байжээ.





5.Дөтгөөр хөвгүүн Тулуйн хөвгүүд болох Мөнх хаан, түүний дүү Аригбөх, Хүлэг хаадын зоос СЭРЭЭ тамгатай байдаг аж.

 








        6. Монголын гурав дахь Их хаан Гүюг хааны зоос ХОЛБОО ОНГИН

тамгатай байжээ.

  

           
Ташрамд мэдээлэхэд, Монголын эртний нийслэл Хархорум хотын барилга байгууламжид хийсэн  археологийн малтлагаас хаадын нэлээд олон янзын тамга бүхий тоосго олджээ. Тухайлбал, Чингис, Зүчи,  Цагаадай, Мөнх, Гүюг хаадын тамгатай тоосго гарчээ. Мөн хас, загалмай, уйл, сэрээ тамгатай тоосго ч бас байдаг байна. 


 
Алтан ордны нэгэн язгууртны эдэлж байсан бололтой алтан бөгж дээр онги, сэрээ, дэгэрэ, гилбэр тамгадыг эвлүүлж хийсэн тамгатай байсан тухай судлаач Б.Нямаа өгүүллээ.


Түүнчлэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт Балгасын тал дахь Гол модны Хүннүгийн 1-р язгууртны  булшны 3-р дагуул булшнаас илэрч олдсон тамгатай шагайн  дүрснүүд Монголын их хаадын тамгатай яг адилхан байгаа нь сонирхолтой билээ. 






Холбоотой мэдээ