П.Буян-Эрдэнэ: Монголын ахмадын холбооны "Улсын тэргүүний" хэмээх эрхэм шагналыг хүртсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-20 18:05:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ахмад хилчин, ахмад сэтгүүлч, Алтанбулаг сумын Ахмадын хорооны дарга П.Буян-Эрдэнэтэй ярилцлаа. 


-Сэлэнгэ аймгийн ахмадууд их бүтээлч, шинийг сэдэж хийсэн ажлаараа улсдаа түүчээлж яваа. Танай сумын ахмадын байгууллагын ажил үйлийн талаар сонирхож байна?

-Бид түүхэн ойн жилдээ нэлээд их ажлыг амжуулсан. Улс орон маань дэлхий дахинд тархсан аюулт цар тахлын хорио цээрийн дэглэмд байгаа ч ахмадын хорооны үйл ажиллагааг аль болох тасралтгүй, дайчин, шинэлэг, ахмадуудын сэтгэлд хүрэхүйцээр зохион байгуулан ажиллаж, бага ч атугай үр дүнд хүрээд байгаа. Тухайлбал их засвар хийсэн ахмадын байрыг "Өргөө" болгон тохижуулах ажилд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахисан тодорхой тооны ахмадууд үр бүтээлтэй ажиллалаа. Үүнийхээ хүчинд Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан үйл ажиллагааныхаа нээлтийг амжуулан хийж чадсан шүү.

-Цар тахлын үед олон нийтийг хамарсан их ч ажил хумигдсан. Ахмадууд ялангуяа  их идэвхтэй оролцдог “Дуулах цэнгүүн”, нийтийн бүжиг, нийтийн дасгал хөдөлгөөн гэх мэт. Гэвч таны хувьд ахмадууддаа хүрсэн, тэднийгээ алдаршуулсан. Залуу насандаа хийж бүтээж байсан үеийнх нь тухай их сайхан нийтлэлүүдийг цувралаар бичиж, цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн. Энэ талаараа . . .?

-Орон нутагт болон улсад бүр цаашилбал дэлхийг нөмөрсөн аюулт цар тахлын энэ цаг үед ахмадууд гэрээс гарахгүй нийгмийн идэвхтэй амьдралд оролцож чадахгүй, бараг гэрийн хорионд байгаа. Ийм үед тэдний сэтгэл санааг өргөх, тэднийг эрүүл энх, сайн сайхан явааг нь хол ойрын үр хүүхэд хамаатан, нутаг усны олон түмэнд хүргэх зорилгоор тэднийг алдаршуулан тухайн жилийнхээ 9 алдартныг нэрлэж урамшуулах. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Өлгий нутгийн Өнгөлөг харцуул”, “Алтанбулагийн ажилсаг, авьяаслаг бүсгүйчүүд” зэрэг цуврал нийтлэл бичсэн нь үр дүнтэй болж олны талархал хүлээж байна.

-Хэдийгээр цар тахлын дэглэмтэй байгаа ч амадууд санаачлаад олон сайхан бүтээлч ажлуудыг хийсэн. Энэ ажил тань залуучуудад их сургамж өгөх шиг болсон?

-Бид Сэлэнгэ аймгийн бүх ахмадын санаачилга, хандив хөрөнгөөр манай сумын нутаг Ханын хөндийн ардын журамт цэргийн "Бүрээч"-ийн хөшөө мөн Сүхбаатар-Алтанбулагийн төв замын ойр орших Партизан цэргийн хөшөө засварлах ажилд идэвхтэй оролцлоо. Энэ ажил манай сумын нутагт болж буй үйл ажиллагаа тул бид онцгойлон анхаарсан.

Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн идэвхтэй үйл ажиллагаа, сумын удирдлагууд, ард иргэдийн тусламж дэмжлэгтэйгээр амжилттай явагдаж дууссан. Бид цаг үетэйгээ зохицуулан үйл ажиллагаагаа ийнхүү явуулсныг аймгийн Ахмадын хороо дэмжиж улмаар Монголын ахмадын холбооны "Улсын тэргүүний" хэмээх эрхэм шагналыг хүртсэн байгаа.

Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойн үеэр шагнуулсан энэ эрхэм хүндтэй шагналыг 2021 оны 9 дүгээр сарын 24-нд Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар өөрийн биеэр ирж гардуулан өгч, манай ахмадын Өргөөний нээлтийн ажиллагаанд оролцож, ахмадуудтай уулзаж ярилцсан. Энэ үйл явдал бол ардын хувьсгалын Өлгий нутгийн ахмадууд бид бүхэнд түүхэн тэмдэглэлт, мартагдашгүй үйл явдал боллоо.

 

 

Холбоотой мэдээ