Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцов

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-20 12:28:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тус салбарыг удирдан ажиллаж байсан үе үеийн дарга, удирдлагад Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулан, санал бодлыг нь сонсов.


Ахмад удирдлагууд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцан, хууль нь иргэний нисэхийн салбарын эрх ашгийг хамгаалсан, бие даасан байдлыг хангахаар байх ёстойг санууллаа.


ИНЕГ-ын дарга ахмад удирдлагуудын саналыг тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган ажиллахаа илэрхийлсэн байна.


Иргэний нисэхийн тухай хуулийг 1999 онд баталжээ. Хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, иргэний нисэхийн үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай зохицуулах, ерөнхий зориулалтын нислэг, агаарын хөлөг, агаарын тээврийн харилцааг илүү өргөн хүрээтэй зохицуулахаар Иргэний нисэхийн тухай хуулийг энэ онд шинэчлэн батлуулахаар ИНЕГ-ын хуульчдын баг ажиллаж байна.


Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа иргэний нисэхийн үйл ажиллагааг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохицуулах, үр ашигтай, өрсөлдөх чадвартай агаарын тээврийг хөгжүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг шинээр оруулжээ. Ингэхдээ олон улсын байгууллагаас гаргасан загвар хуулиуд, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомж, иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн батлагдсан үзэл баримтлалд нийцүүлсэн аж.


Түүнчлэн, ИНЕГ-ын даргын дэргэд үе үеийн дарга, дэд дарга нарыг оролцуулсан “Ахмад удирдлагуудын орон тооны бус зөвлөл” байгуулавЗөвлөл нь тэдний санал бодол, зөвлөгөө зөвлөмжийг салбарын үйл ажиллагаандаа тусган ажиллах юм. Ахмад удирдлагууд салбарынхаа хөгжлийн төлөө өөрийн туршлага, мэдлэг чадвараа зааж зөвлөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

 

 

Холбоотой мэдээ