Авто замын ухаалаг гарцыг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-20 10:58:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, НЗДТГ, Тээврийн цагдаагийн алба, АПУ ХК хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд автозамын ухаалаг гарцыг Хан-Уул дүүрэгт ашиглалтад орууллаа.


Ухаалаг гарц нь харааны бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхэд, жолооч нарт аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлснээрээ онцлог. Гарцны хажууд зогсох хүний хөдөлгөөнийг мэдэрч улаан, ногоон гэрэл ассаныг самбарт болон хоолойгоор зарлах аж.


ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Төсвийн хөрөнгө оруулалтаар биш нийгмийн хариуцлагын хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллага хамтран энэ ажлыг хийлээ. Цаашид хөдөлгөөн ихтэй уулзваруудад суурилуулах талаар судалж байна” хэмээжээ.


ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр “Ухаалаг гарцыг 2021 оны 11 дүгээр сараас туршиж эхэлсэн. Өнөөдөр хүртэл энэ хэсэгт осол, гэмтэл гараагүй эерэг үр дүнтэй байна. Авто замын ухаалаг гарцыг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөгжилтэй орнуудад ашиглагддаг. Үүнийг манай улс ашиглаж эхэлж байгаа нь дэвшил” гэв.


ЗТХЯ нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан такси үйлчилгээ нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийг тохижуулж байжээ. 

Холбоотой мэдээ