Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдийн 71,3 хувь согтуудаа уг зөрчлийг гаргажээ

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-17 18:26:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 онд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд хамаарах 1 хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн 143 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.

Үүнээс эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид 8 сар 17 хоногийн хорих ял оногдуулсан байна. 

Дээрх төрлийн зөрчил үйлдсэн 143 холбогдогчийн 102 нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бөгөөд энэ нь нийт зөрчил гаргагчийн 71,3 хувийг эзэлсэн  аж.

Шүүхээс гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон 50 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 47 хүнд баривчлах шийтгэл, 3 хүнд торгуулийн шийтгэл оногдуулжээ. Үүний 38 нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг зөрчлийг үйлдсэн байна.

Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан 83 зөрчлийн хэрэг хүлээн авч, 81 хүнд баривчилж, 2 хүнийг торгосон байна.

Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг бусадтай харилцахыг хязгаарласан 3 зөрчлийн хэргийг хүлээн авч шийдвэрлэснээс 3 хүнд 7-10 хоногийн хугацаагаар баривчлах, 10-20 хоногийн албадан сургалтад хамруулахаар шийтгэжээ.

Гэр бүлийн хамаарал бүхий хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан 6 хүнд баривчлах, 1 хүнд торгох шийтгэл оногдуулсан байна.

Холбоотой мэдээ