ДЭМБ-аас “COVID-19”-төй өвчтөнүүдийн эмчилгээнд хоёр шинэ эмийг хэрэглэхийг зөвлөжээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2022-01-15 11:16:40

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ шинжээчдийн баг “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийн эмчилгээнд хоёр шинэ эмийг хэрэглэхийг зөвлөлөө.


Тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурдсанаар, “Eli Lilly and Company” компанийн “Olumiant” хэмээх худалдааны нэрээр үйлдвэрлэсэн, ревматоид артрит өвчний үед мөн хэрэглэдэг барицитиниб эм, түүнчлэн Их Британийн эмийн үйлдвэрийн “GlaxoSmithKline Xevudy” компанийн моноклональ эсрэг биетийн эм болох сотровимаб нь дэлхий даяар өвчний шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбооотойгоор ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн дэмжлэгийг авсан байна. Хурдацтай тархаж буй “омикрон” хувилбар нь коронавирусний одоо байгаа эмчилгээний олон сонголтуудын үр нөлөөг бууруулж байгаа бөгөөд шинэ шийдэл хайх шаардлагатай байгааг ДЭМБ онцлон тэмдэглэжээ.


ДЭМБ-ын мэргэжилтнүүд барицитиниб эмийг өвчин нь хүндэрсэн өвчтөнүүдэд кортикостероидтой хослуулан хэрэглэхийг хатуу зөвлөсөн байна. Уг эм нь гаж нөлөөний тоог нэмэгдүүлэхгүйгээр хүнд өвчтэй өвчтөнүүдийн амьдрах чадварыг сайжруулж, амьсгалын аппаратын хэрэгцээг бууруулж байсныг дунд болон хүнд хэлбэрийн өвчтэй 4000 гаруй хүнд долоон мөчлөгтэй хийсэн туршилтын шинэ мэдээлэлд үндэслэсэн судалгааны үр дүн харуулжээ Барицитиниб нь үе мөчний бусад эмүүдтэй ижил нөлөө үзүүлдэг тул ДЭМБ-аас үйлчлэл ижил тохиолдолд өртөг, хүртээмж, эмнэлзүйн туршлага дээр үндэслэн эмүүдээс нэгийг нь сонгох хэрэгтэйг тодруулсан байна.


ДЭМБ-ын мэргэжилтнүүд мөн сотровимаб эмийг хөнгөн хэлбэрийн өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ бие организмын байгалийн дархлааг дууриалгасан лабораторын нэгдлүүд болох моноклональ эсрэг биетүүдийн эмчилгээний үр дүн нь коронавирусний шинэ хувилбарууд тэр дундаа “омикрон”-ы эсрэг тодорхойгүй байгааг тус байгууллага урьд нь мэдэгдэж байжээ. 


Холбоотой мэдээ