Д.Буманбаяр: Булган сумынхан хэрэглээний халуун усаар хангагдах нөхцөл бүрдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-13 17:43:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд дулааны станц ашиглалтад орж, уурын зуухны утаа арилж, хэрэглэгчдийг халуун усаар хангах боломж бүрдсэн. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын  хэлтсийн дарга Д.Буманбаяраас тодрууллаа.

- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрт дулаан хангамжийг сайжруулах талаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хоёр жилийн өмнө ашиглалтад орсон Дулааны станцад хэрэглэгчдийг холбох ажил хийлээ. “Булган мээж” ОНӨХХК зургаан халаалтын зуухаар аймгийн төвийг дулаанаар хангадаг байсан. Энэ бол агаарын бохирдол маш ихтэй, нүүрсний утаа ямар ч шүүлтүүргүй дэгдэж, иргэдийн эрүүл мэндэд хортой байлаа. Дээр нь зардал өндөртэй технологиор дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэдэг байсан. Үүнийг халж, дөрвөн ус дулаан дамжуулах төвийг шинээр ашиглалтад оруулж, хэрэглэгчдийг холбох ажил хийгээд явж байна. Аймгийн төсвийн хөрөнгөөр ус дулаан дамжуулах хоёр төвийг хэрэглэгчидтэй холбох ажлыг 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр гүйцэтгэсэн. Мөн ус дулаан дамжуулах нэг төвийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 700,0 сая төгрөгийн өртөгтэйгөөр барьж ашиглалтад орууллаа. Мөн ус, дулаан дэмжуулах нэг төвийг 300,0 сая төгрөгөөр ашиглалтад оруулж, ирэх оноос ашиглахаар төлөвлөж байна.

- Булган сумын хэрэглэгчдийг халуун усаар хангаж эхэлсэн мэдээлэл байсан. Энэ ажлын явц ямар байна вэ?

- Ус дулаан дамжуулах төв ашиглалтад орсноор агаар, хөрсний бохирдол багассан. Мөн найдвартай дулаанаар хангах боломж бүрдэж байна. Ус дулаан дамжуулах төв барьж, нэгдсэн халаалтад шилжсэний бас нэгэн үр дүн нь хэрэглэгчид хэрэглээний халуун усаар хангагдах нөхцөл бүрдсэн явдал. Өнгөрсөн онд 350,0 орчим сая төгрөгөөр аймгийн төвийн хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хангах зураг төслийг  хийлгэлээ. Дээр нь есөн объектод халуун ус түгээхээр боллоо. Одоогоор таван объект хэрэглээний халуун усны шугамтай холбогдсон. Айл өрх, албан газрууд хэрэглээний халуун ус ашиглаж байна. Ирэх онд энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Аймгийн төсвөөс 350,0 сая төгрөг зарцуулахаар баталсан. Энэ хөрөнгөөр орон сууц болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэглээний халуун усны шугам татах ажил хийхээр төлөвлөсөн.

Холбоотой мэдээ