Хязгаарлалт тогтоохоор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-01-12 23:20:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комисс хуралдаж энэ сарын 14-нөөс ирэх сарын 10-ныг хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоохоор боллоо.

Тодруулбал, сүүлийн өдрүүдэд аймаг орон нутагт гарсан коронавирусний халдварын тохиолдлын тоо байнга өсч буй тул ийм арга хэмжээ авахад хүрчээ. Энэ сарын 11-ний өдөр 70 хүнд түргэвчилсэн, 15 хүнд PCR шинжилгээ хийхэд 29 тохиолдол нь батлагдсан байна.

Мөн “Ковид-19” цар тахлын 4 дүгээр давлагаа эхэлж, Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэн, халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлжээ.

Энэ хугацаанд хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагааг 10.00-18.00 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийг 8.00-22.00 цаг хүртэл ажиллуулахаар болсон байна.

Түүнчлэн Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо.

Үүнээс гадна олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, соёл урлагийн үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, хурим найр, тэмдэглэлт ой, цас мөсний баяр, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, танхимын сургалт, семинар, давтлага зэргийг хориглосон байна. 

Холбоотой мэдээ