“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд Ж.Гэрэлмаа багш дахин тэргүүн байрын эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-11 22:09:39

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны дүн өнөөдөр гарлаа.

Тус уралдаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багш, сурагчид жил бүр амжилттай оролцож тэргүүн болон шагналт байрт удаа дараа шалгарсан байдаг. Энэ удаагийн уралдаанд мөн тус сумын багш, сурагчид амжилттай оролцож шагналын эзэд болжээ. Тухайлбал Сайхан сумын ЕБ-ын 1-р сургуулийн А.Баянжаргал багшийн бэлтгэсэн 10а ангийн сурагчид амжилттай оролцож, Их эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан сангийн нэрэмжит шагнал хүртжээ.

Мөн бичвэрийн бус бүтээлийн ангилалд тус сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш Ж.Гэрэлмаа тэргүүн байрын эзэн болжээ. Ж.Гэрэлмаа багшийн тухайд энэхүү уралдаанд гурав дахь удаагаа түрүүлж байгаа бахдам амжилтыг үзүүлээд байна. Мөн уралдаанд амжилттай оролцсон А.Тогтохбаярын бэлтгэсэн Мандал сумын Хэрх тосгоны сургуулийн 10б ангийн сурагч Э.Бадамханд "Хүмүүн бичиг" сониныг бүтэн жил үнэ төлбөргүй захиалан унших эрхээр шагнуулжээ.

Ж.Гэрэлмаа багш “Монголын сайхан бичигтэн–2021” улсын 25 дахь уралдааны бүтээлийн ангилалд энэ жил зүү ороож оёсон бүтээлүүдээрээ тэргүүн байр эзэлжээ. Өнгөрсөн жил “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал хүртэж байсан.

Холбоотой мэдээ