Бүс нутгийн түвшинд бүлэг байгуулах саналаа уламжлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Статистикийн хэлтсийн дарга Рэйчил Бивентэй ҮСХ-ны дарга Б.Батдаваа цахимаар уулзав.
Уулзалтаар хоёр талын цаашдын хамтын ажиллагаа мөн НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хорооны товчооны үйл ажиллагааны талаар санал солилцлоо. ҮСХ-ны дарга Статистикийн салбарын 2021-2025 оны стратегийн төлөвлөгөөний талаар товч мэдээлээд, статистикийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, статистикийн дэд бүтэц, мэдээллийг эрхлэн гаргах ажлыг сайжруулахад анхаарч байгаагаа танилцуулсан юм.
Тэрбээр, байгаль орчин-эдийн засгийн зарим дансыг байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, статистикийн үйл ажиллагааны ерөнхий загвар, газар зүйн мэдээллийн систем нэвтрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ. Мөн төрийн нэгдсэн мэдээллийн сан, өгөгдлийн засаглал, хяналт, удирдлагын асуудлаар бүс нутгийн түвшинд бүлэг байгуулж ажиллуулах саналтай байгаагаа уламжлав.
АНДЭЗНК-ын Статистикийн хэлтсийн дарга Рэйчил Бивен эдгээр саналыг судалж, хамтран ажиллахаа илэрхийлээд зарим чиглэлээр холбогдох байгууллагатай холбоо тогтооход туслах боломжтой гэж онцолсон юм. Рэйчил Бивен нь Засгийн газрын статистик, тоо мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр, НҮБ-ын Статистикийн хэлтэс, НҮБ-ын АНДЭЗНК, Дэлхийн Банк, Парис21 зэрэг байгууллагаар дамжуулан улс орнуудын Засгийн газар, олон талт агентлагууд, Статистикийн нийгэмлэгтэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байжээ.