Элчин сайд С.Ганхуяг Итгэмжлэх жуух бичгээ барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг Бүгд Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровт Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 23-нд барив.
Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд С.Ганхуягийг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Элчин сайд С.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч С.Жапаровт уламжилж, Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Ирэх 2022 онд тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” санаачилгыг хэрэгжүүлэхэд киргизийн талтай хамтран ажиллах, монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад нийлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
Ерөнхийлөгч С.Жапаров дээрх санаачилгуудыг дэмжиж, хоёр улсын түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн зэрэг салбарт бодит агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэж, Монгол, Киргизийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалыг харилцан хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.