Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-21 17:08:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа Болгарын Ерөнхийлөгч Румен Радевт Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 17-нд өргөн барив.


Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Радев Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын дараа Элчин сайд Л.Саянааг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Р.Радевт уламжилж, Монгол, Болгарын уламжлалт найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.


Ерөнхийлөгч Р.Радев хоёр орны олон жилийн түүхэн уламжлалтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, соёл, шинжлэх ухаан, худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Р.Радев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Болгар Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүсэв.

Холбоотой мэдээ