“Морин хуур” киног Зүүн өмнөд Азийн бүс нутгийн үзэгчдийн хүртээл болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-12-15 10:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Соёлын яамнаас жил бүр зохион байгуулдаг АСЕАН-ы Бангкокийн кино наадмын үеэр Монголын кино урлаг, үйлдвэрлэл, нүүдэлчин ахуй соёлыг олон нийтэд танилцуулах зорилгоор богино хэмжээний “Морин хуур” киног анх удаа Зүүн өмнөд Азийн бүс нутгийн үзэгчдийн хүртээл болгов.


Энэ сарын 8-13-нд болсон уг наадмын үеэо Бангкок хотын томоохон “Central World” төвийн “SF World Cinema” кино театрт зохион байгуулсан “Морин хуур” киног толилуулахад Тайландын Соёлын яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Ютика Исаранкура болон бусад албаны хүмүүс оролцлоо.


“Морин хуур” кино нь Монгол орны нүүдэлчин ахуй амьдрал, түүний уламжлал ба орчин үе, мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг харуулсан бүтээл юм. АСЕАН-ы Бангкокийн кино наадмыг 2015 оноос хойш зохион байгуулж байгаа аж.


Тайландын Кино архивын дэд захирал Кон Ритди “Морин хуур” киноны  талаар сэтгэгдлээ хуваалцаж,  кино үзвэрийн дараа зохион байгуулсан “Screening and Talk” хэлэлцүүлгийг хөтлөв. Хэлэлцүүлгийн үеэр Элчин сайд А.Төмөр саяхан батлагдсан “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийн талаар товч танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцсон “Sahamongkol Film International Group”-ийн Худалдан авах ажиллагааг хариуцсан захирал Пану Ари хэлэхдээ Монгол кино Тайландын хувьд шинэлэг зүйл болж байгаа бөгөөд Монголын уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ Тайландад сонирхуулах өргөн боломж буй талаар онцлов.

Холбоотой мэдээ