АСЕМ: Монголын тал Латвийн автотээврийн компаниудад улс хоорондын тээвэр хийх зөвшөөрөл олгов
ДЭЛХИЙН МЭДЭЭРИГА./asiarussia.ru/. Латви улсын автотээврийн компаниуд улс орнуудын хооронд байнгын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 300 зөвшөөрлийг Монголын талаас авснаар өнөөдрөөс эхлэн эдгээр зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ.
Ингэснээр Латви нь олон улс дамнасан ачаа тээврийн асуудлаар Монголын талтай хэлэлцээр байгуулсан Европын Холбооны гишүүн анхны улс болж байгаа юм.
Дашрамд дурдахад, Латвийн Ерөнхийлөгч Раймонд Вейонис Монголын нийслэл Улаанбаатарт болж буй АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцож байгаа билээ.
Уг уулзалтын үеэр тээвэр ложистикийн салбар дахь улс орнуудын хамтын ажиллагааны асуудлыг нэлээд нухацтай хэлэлцэх бололтой. Латви улсын хувьд Азийн орнуудаас дамжин өнгөрүүлэх ачааг татах сонирхолтой байгаа учраас Ерөнхийлөгч Р.Вейонис Дээд түвшний уулзалтын үеэр болох хоёр талын уулзалтууд болон хэлэлцүүлгийн явцад тухайн салбар дахь хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар ярилцах бодолтой байна.
Латвийн автотээврийн компаниуд шинэ зах зээлд нэвтрэхийг ихээхэн сонирхож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Рига хотноо Латви-Монголын комиссын хурал болж, улс орнуудын хооронд ачаа тээвэр эрхлэх 300 зөвшөөрлийг харилцан олгох талаар тохиролцоонд хүрчээ.
Б.Адъяахүү