Р.Алтан-Өлзий: Иргэдийн хяналтын бүлэг худалдан авах ажиллагааны төлөвлөлтөөс нь эхлээд үнэлгээг өгсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-12-13 16:09:17

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай сумын орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөр 2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдэд иргэдийн хяналтын бүлэг хяналт үнэлгээг хийжээ. Энэ талаарх тодруулгыг иргэдийн хяналтын бүлгийн ахлагч, Туна тэргэл сан ТББ-ын тэргүүн Р.Алтан-Өлзийгөөс авлаа.


-Улиастай суманд хийсэн бүтээн байгуулалтын ажилд хяналт хийжээ. Хяналтыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ямар аргаар хийсэн бэ?

-Улиастай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан иргэдийн хяналтын бүлэг нь Улиастай суманд орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын гүйцэтгэлд хяналт үнэлгээг хийлээ.

Иргэдийн бүлэг төрийн бус байгууллагын төлөөлөл, багийн иргэдийн төлөөлөл, ИТХ-ын төлөөлөгч гээд таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Хяналт үнэлгээг бичиг баримттай танилцах, ажиглах. Холбогдох албан тушаалтнуудтай ярилцах, бүтээн байгуулалт бүхий үйл ажиллагааны хэрэгжилтийг газар дээр нь үзэж чанар гүйцэтгэлд үнэлгээ өгөх аргачлалаар хийлээ. Ингээд иргэдийн хяналтын бүлгээс хэд хэдэн зөвлөмжийг Улиастай сумын ИТХ, ЗДТГ-т өгөөд байна.

-Хяналт үнэлгээний явцад ямар зөрчлүүд илрэв?

-Иргэдийн хяналтын бүлгээс худалдан авах ажиллагааны төлөвлөлтөөс нь эхлээд үнэлгээг өгсөн байна. Ингээд үзэхэд орон нутгийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангаар хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг сумын вэб сайтдаа байрлуулаагүй байсан. Мөн орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлын жагсаалтыг Сангийн яамны нэгдсэн системд “Залуучуудын хөгжлийг дэмжих” нэрээр багцлан оруулсан нь Шилэн дансны болон худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна гэж дүгнэсэн. Мөн худалдан авах хоёр ажиллагааны тендерийг өөрийн сайтад байрлуулсан боловч түүний хандалт маш муу байгаа нь хүртээмжтэй тэгш оролцох өрсөлдөх боломжийг бий болгож чадаагүй гэж үзлээ. Мөн ихэнх үйл ажиллагааг шууд худалдан авалтаар хийж гүйцэтгэсэн байна. Батлагдаагүй хөтөлбөрт буюу “Эко Улиастай“ гэсэн нэртэй хөтөлбөрт хөрөнгө тусгаж долоон аж ахуйн нэгж рүү төсвийн хөрөнгийг шууд шилжүүлсэн нь хөгжлийн бодлого төлөвлөлт, төсвийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.

-Ер нь орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтын мэдээлэл хангалтгүй байсан гэж үзсэн үү?

-Орон нутгийн хөгжлийн сангаас батлагдаагүй байгаа  “Эко Улиастай” төсөл арга хэмжээний хүрээнд хийсэн ажлуудыг орон нутгийн иргэд мэдээгүй. Ямар ч мэдээлэлгүй байгааг анхаарах хэрэгтэй юм. Тиймээс дээрх хөтөлбөрийг нэн даруй боловсруулан сумын иргэдэд албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сайтаар дамжуулан нээлттэй мэдээлэхийг Иргэдийн хяналтын бүлгээс санал болгосон. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын архив бичиг баримт нь эмх замбараагүй байсан. Тухайлбал, гэрээ, худалдан авах ажиллагааны өрсөлдөөнт ил тод байдлыг хангах чиглэлд санаачилга дутмаг байгаа нь шууд худалдан авалт хийхдээ ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс үнийн саналыг цуглуулж үнэлэлт өгч ажиллаагүй зөрчлүүд байсан.

-Тэгвэл орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажлуудыг газар дээр нь очиж үзэхэд чанар, гүйцэтгэл ямар байв?

-Орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн мөнгөн дүн нь өндөр, зарим ажлын гүйцэтгэлийн биелэлт чанарыг газар дээр нь очиж үзсэн байгаа. Тухайлбал, Улиастай сумын нийтийн 16 орон сууцны гадна хаалгыг дулаалгатай, чиптэй хаалгаар солиулсан байна. Гэтэл газар дээрээ зарим орон сууцны хаалганы дулаалга муу хийсэн, автомат түгжээ ажиллахгүй. Цахилгааны утасны хамгаалалт хийгээгүй байгаа нь оршин суугчид тэр дундаа хүүхдүүдийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн гэх камержуулалтын ажил хийгдээгүй байна. Аж ахуйн нэгжээс тодруулахад шаардлагатай камер хэрэгслээ авсан байгаа энэ сард суурилуулахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл өглөө.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн нийтийн орон сууцны гадна талбайн ногоон байгууламжийн төсөл арга хэмжээ гэхэд төлөвлөсөн хугацаандаа бүрэн хийгээгүй байна. Мөн дээр хэлсэнчлэн батлагдаагүй хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн тохижилт, ногоон байгууламжийн төмөр хайс гэхэд бэхэлгээ суурилуулалт, өнгө үзэмж хангалтгүй болсон байна. Хөтөлбөр батлагдаагүй нь харьцуулсан үнэлгээг нарийвчлан хийх боломжгүй байна. Мөн зарим багуудын байрны гадна тарьсан гацуур модыг тоолж хэрэгжүүлэгчээс өгсөн тайлантай тулган үзлээ. Цаашид ногоон байгууламжийн хүрээнд модны суулгацыг үрсэлгээ бэлддэг аж ахуйн нэгжүүдээс үнийн санал, төрөл зүйл, ургах нөхцөл, орчин, нөөцийн судалгааг авч харгалзан төлөвлөх нь үргүй зардлыг багасгахыг анхаарах шаардлагатай.

-Иргэдийн хяналтын бүлгээс ямар зөвлөмжийг санал болгосон бэ?

-Орон нутгийн иргэдийн мэдэх эрхийг нэмэгдүүлэхэд анхаарч сумын вэб сайтын хөгжүүлэлтэд анхаарахыг зөвлөсөн. Мэдээллийн самбарт болон албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг мэдээлэлжүүлэхэд онцгойлон анхаарах. Батлагдаагүй хөтөлбөр арга хэмжээнд төслийн хөрөнгө зарцуулдаг явдлыг таслан зогсоох. Худалдан авах ажиллагааны ил тод нээлттэй байдлыг бий болгох. Мөн орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг гүйцэтгэлийн явцад нь хяналт хийдэг болох. Ялангуяа тухайн багийн иргэдийн бүлгийг Багийн иргэдийн нийтийн хурлын дэргэд байгуулж, тухайн бүтээн байгуулалтын ажлыг зураг, төслийн дагуу явагдаж байгаа эсэхэд нь байнгын хяналт тавьж хэвшүүлэхийг зөвлөсөн байна. Түүнчлэн орон нутгийн бүлгүүдийг хуулийн хүрээнд ажил үйлчилгээ гүйцэтгэх боломжийг хангах тал дээр санаачилгатай ажиллан бүртгэлжүүлж оролцоог бий болгох хэрэгтэй.

Сумын  хөгжлийн урт болон дунд  хугацааны бодлогын баримт бичгийг олон нийтэд ил тод болгож тайлбарлан таниулах ажлыг системтэй зохион байгуулах. Тухайлбал багийн ИНХ, ИТХ-ын төлөөлөгчид, албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан бодлогын баримт бичгийг сурталчлах, мэдээлэх хэрэгтэй. Ингэснээр Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт хэрэгжилтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ойлголт өгөх сайн талтай юм. Мөн нэмж иргэдийн хяналтын бүлэг ажлаа сайн хийх юм бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын чанар гүйцэтгэл сайн, хөрөнгө үргүй зарцуулдаг зөрчил гардаггүй сайн талтай юм.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн юунд зарцуулах журамтайг тодруулж хэлэхгүй юу? Яагаад энэ сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудад иргэд хяналт тавих үүрэгтэй вэ?

-Орон нутгийн хөгжлийн сан нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд  2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Төсвийн тухай хуулийн дагуу зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгосон юм. Энэ сангийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах. Иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг иргэдтэй хамтран төлөвлөж хэрэгжүүлдэг. Ингэхдээ баг, хорооны Засаг даргаас эхлээд баг, хорооны иргэдийн Нийтийн хурал болон бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал хүртэлх бүх шатны байгууллагууд оролцон хамтын шийдвэр гаргадаг онцлогтой. 

-Энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн журамд өөрчлөлт орсон байгаа, үүнийг тодруулж хэлж өгөхгүй юу?

-Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг Засаг, захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмаар зохицуулдаг. Тус сангийн хөрөнгөөр манай аймагт орон нутгийн дэд бүтцийг сайжруулах. Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, бэлчээрийг хамгаалах. Инженерийн хийцтэй худаг гаргах, булаг, шандыг хамгаалах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж байна. Тэгэхлээр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн төслийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-аар хэлэлцэн баталснаар “Төсвийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт орж тус татвар нь “Орон нутгийн хөгжлийн сан” /ОНХС/-ийн хөрөнгийн нэг эх үүсвэр болсон. “Малын тоо толгойн албан татвар”-ыг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталснаар ОНХС-д төвлөрүүлэн тухайн сум, дүүргийн мал аж ахуй хөгжүүлэх, бэлчээрийн менежмент сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл хангах төсөл, арга хэмжээнд зарцуулахаар тусгасан байна.


Мөн Сангийн яамны хэрэгжүүлдэг “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс 2018 онд батлагдан хэрэгжсэн “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар нийслэл болон орон нутгийн холбогдох албан хаагчдын дунд үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга зохион байгуулж, иргэдээс нээлттэй санал авч ажиллаад журамд өөрчлөлт оруулжээ. Энэ хүрээнд ОНХС-ийн зарцуулалтад иргэдээс санал авах, баг, хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх хугацааны хувьд орон нутагт мал төллөлт болон малчдын ид ачаалалтай үе давхацдагаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж хязгаарлагддаг. Хууль тогтоомжид заасан байдаг ОНХС-ийн санхүүжүүлэх чиг үүргийг тус журамд оруулах, сангийн үйл ажиллагааг зохион байгуулдаг албан тушаалтныг тодорхой зааж, хариуцлагажуулах зэрэг саналууд гарсан.

Түүнчлэн тус төслөөс ОНХС-ийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох, шат шатны удирдлага болон иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах. ОНХС-ийн үйл ажиллагааг хянах, ил тод нээлттэй болгох зорилгоор “ОНХС-ийн Удирдлагын мэдээллийн систем”-ийг ашиглалтад оруулсантай холбогдуулан зарим заалтыг хасах, нэмэх шаардлагатай болсон тухай мэдээлсэн. Ингээд дээрх хэрэгцээ шаардлагуудын улмаас тус сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх шаардлагатай гэж үзэн Сангийн яам, “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс журамд нэмэлт өөрчлөлт оруулан боловсруулж, Сангийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 86 тоот тушаалаар өмнө баталсан 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар тушаалыг хүчингүй болгож шинэчилсэн журмыг эл өдрөөс эхлэн даган мөрдөж эхэлсэн.

-Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журамд орсон гол өөрчлөлтүүдээс хэлж өгөхгүй юу?

-Малын тоо толгойн албан татварын орлогын ОНХС-д төвлөрөх хөрөнгийн эх үүсвэрийг сум, дүүргийн түвшинд хэрхэн зохион байгуулж, зарцуулах зохицуулалтыг журамд тусгасан. Ингэснээр сум, дүүрэг эрх, үүргийнхээ хүрээнд иргэдийн саналд үндэслэн малын тоо толгойн албан татварыг захиран зарцуулах. Малчдадаа тулгамдаж буй асуудлыг өөрсдөө шийдвэрлэх, төвлөрлийг сааруулах боломж бүрдэж байна. Мөн баг, хорооны түвшинд иргэдээс санал авах, түүний дараа зохион байгуулдаг ОНХС-ийн санал хэлэлцэх Иргэдийн нийтийн хурлын хуралдааны хугацааг 5 дугаар сард багтаана гэснийг 6 дугаар сард болгож хойшлуулсан байна.

Үүний үр дүнд иргэдийн оролцоо нэмэгдэж, Иргэдийн нийтийн хурлын ирц өснө гэж үзжээ. Баг, хорооны түвшинд санал авах ажлын хүрээнд “бүлгийн ярилцлага”-д оролцох хүний тоо болон давтамжид өөрчлөлт оруулсан нь “бүлгийн ярилцлага”-ын хүчинтэй байдлыг сайжруулах. Иргэд сайн дураараа нэгдэж бүлгээрээ саналаа гаргах боломжийг нэмэгдүүлж өгсөн байна.  Түүнчлэн оролцогч талуудын чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу журамд оруулж өгснөөр хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна. Хууль тогтоомжид заасан ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зөвшөөрөгдөх болон хориглох чиг үүргүүдийг оруулж өгснөөр хөрөнгө оруулалтын саналууд хасагдахгүй байх, чиг үүргийн ойлголтын хязгаарлагдмал байдлыг тэлэх. Хэрэгжүүлдэг төсөл арга хэмжээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлаа иргэн, төр хамтран тодорхойлох боломжийг сайжруулах зорилготой юм байна. “ОНХС-ийн Удирдлагын мэдээллийн систем”-тэй холбоотой өөрчлөлт орсноор оролцогч талууд буюу хэн, ямар мэдээлэл оруулахыг илүү тодорхой болгож, гараар үйлддэг байсан зарим мэдээ мэдээлэл, тогтоолыг системээс татаж гаргах. ОНХС-ийн шилжүүлгийн тооцооллыг автоматаар бодож гаргах боломжтой болсон тул системийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.  

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ