Ш.Дуламсүрэн: Иргэд, хүүхдүүдэд хөгжмийн боловсрол асар их хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-09 21:44:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараа хотод энэ сарын 5-ны өдөр "Гэгээн эгшиглэн" нэртэй хөгжмийн сургалтын төв нээлтээ хийлээ.

Тус хөгжмийн сургалтын төв өнгөрсөн 6-р сарын 1-ний өдөр хичээлээ эхэлсэн аж. Өнөөдөр Зүүнхараа хотын ЕБ-ын 5 сургуулиас 70 орчим хүүхэд суралцаж байгаа аж. Эдгээр суралцагсдад хөгжмийн боловсрол олгох, цаашлаад үндэсний хөгжмөө өвлүүлэх зорилгоор байгуулжээ.

Тус төвийн хөгжмийн багш Ш.Дуламсүрэн: “Манай Мандал сумын Зүүнхараа хот 30 гаруй мянган хүн амтай. Иймээс үндэсний их баяр наадмаараа 120 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжмийг эгшиглүүлж яагаад болохгүй гэж. Иймээс миний зүгээс бүх багш нар, эцэг эхчүүддээ уриалж байна. Хөгжмөө аваад ирсэн хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй. Бид мэддэг чаддаг бүхнээ заагаад өгөхөд бэлэн байна. Энэ сайхан “Гэгээн эгшиглэнт” төвөөсөө гарсан ундармал, шилмэл, гэгээн авьяастай хүүхдүүдтэйгээ үндэсний хөгжмийн “Ундармал” нэртэй чуулгыг байгуулахаар анхныхаа 5 хүүхдийг өнөөдөр элсүүлэн авлаа” хэмээн ярьж байна. Энэхүү хөгжмийн сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр хүүхдүүд өөрсдийн сурсан мэдсэн ая эгшгээ оролцогчид, эцэг, эхчүүддээ тоглон бэлэг барьсан байна.

Энд суралцсанаар даралтат хөгжим, төгөлдөр хуур, гитар, морин хуур зэрэг хөгжмүүдийг тоглож сурах аж. Энэхүү төвд 5 наснаас дээш насанд хүрсэн хүмүүс хүртэл хамрагдах боломжтой гэнэ. Ер нь хөгжим тоглож сурах хүсэлтэй, хөгжмийн боловролтой болох гэсэн хэн ч хүрэлцэн ирж суралцаж болох юм. Тус төвд өнөөдрийн байдлаар хөгжмийн багш болох, мөн гадаад, дотоодод сургууль төгсөөд ирсэн хүмүүс ч ирж байгаа аж. Эднийх 8.00-17.00 цаг хүртэл ажилладаг. Мөн өнөөдөр иргэд, хүүхдүүдэд хөгжмийн боловсрол асар их хэрэгцээтэй байгаа нь манай сургалтын төвд ирж буй хүмүүсээс харагдаж байна хэмээн багш Ш.Дуламсүрэн хэллээ.   



Холбоотой мэдээ