ЭМЯ-ны шуурхай ажлын баг Алтанбулаг боомтод ажиллалаа

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-05 12:33:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтарсан ажлын баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт дахь хилийн хяналтын бүсэд өнөөдөр ажиллалаа. Ажлын багийнхан Омикрон гэх шинэ төрлийн мутацид орсон вирус Европын орнуудаар тархаж байгаатай холбоотойгоор хилийн боомт дээр үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлох, бодит нөхцөл байдалтай танилцлаа.

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ЭМГ-ын дарга Ж.Од нар тус ажлын багт АОК-оос авч хэрэгжүүлж байгаа шийдвэр, Алтанбулаг боомтоор ачаа тээвэр болон зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулан ажиллаж буй талаар мэдээлсэн. Монгол Улсын хойд хилийн Алтанбулаг боомтоор олон улсын ачаа тээвэр, Монгол Улсын иргэд эх орондоо зорчин орж ирэх хөдөлгөөн үргэлжилсээр байна. Шинэ төрлийн вирусийг оруулж ирүүлэхгүй байх үүднээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орж ирж байгаа хүн нэг бүрээс түргэвчилсэн, омикрон вирус бүртгэгдсэн улс орнуудаас ирж байгаа болон дамжин өнгөрсөн иргэдээс түргэвчилсэн, ПГУ шинжилгээг давхар авч байгаа юм. Хилийн хяналтын бүсэд шинжилгээ авах, түр тусгаарлах цэгүүдийг байгуулж, ПГУ шинжилгээний хариу гартал хүлээх байрыг Алтанбулаг суманд, ПГУ шинжилгээ батлагдсан тохиолдолд тусгаарлан эмчлэх үйл ажиллагааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Халдвартын тасагт байхаар зохион байгуулалтын арга хэмжээг авчээ.

Ажлын багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан, ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох нарын албаны хүмүүс байв.  

Холбоотой мэдээ