Д.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээл бол арилгах ёстой асуудал биш харин түүнтэй зохицон амьдрах ёстой үзэгдэл юм.

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-03 23:25:48

Төв/ МОНЦАМЭ/ Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг  НҮБ-аас 1981 онд зарлаж, жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсээр 40 дэх жилтэйгээ золгож байна. Тус өдрийн хүрээнд “Хандлагыг өөрчилье - Хамтдаа хөгжье” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ажилтан Дагвадоржийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Таны хувьд Төв аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой нь болж явдаг хүн. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох оролцоо хэр байдаг вэ? 

-Манай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3200 иргэн бий, үүнээс 270 гаруй нь хүүхэд байдаг. Ерөнхийдөө сүүлийн 2 жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо нэлээд гацсан. Энэ нь "Ковид-19" цар тахлаас үүдэлтэй. Хэдий тийм ч бид цахим болон теле сургалтыг явуулсаар ирлээ. Миний хувьд голлон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах чиглэлээр ажилладаг. Аймаг орон нутгийнхаа удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгч нарт байнга хүсэлт, шаардлага илгээж байсны үр дүнд Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг ЕБ-ын Монгени 5-р сургуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд зориулсан анги нээсэн. Мөн Хүмүүн цогцолбор дунд сургууль буюу 2-р сургуульд тун удахгүй нээийм анги нээхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

-Нутгийн удирдлагууд хамтран ажиллах тал дээр хандлага нь зөв байж чаддаг уу? Эсвэл таны хэлсэнчлэн шаардлага илгээж байж хамтран ажилладаг уу? 

-Үгүй ээ. Заавал шахаж шаардаж байж хийнэ гэсэн юм байхгүй. Аймгийн удирдлагуудтай маш сайн хамтран ажилладаг. Гэсэн хэдий ч энгийн хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголт маш муу байдаг. Иймд миний бие хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд сургалт зөвлөгөөн хийдэг. Гэсэн хэдий ч төдийлөн сайн үр дүнд хүрч чадахгүй л байна.

-Хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр та өөрийн байр сууриа хуваалцвал?

-Монгол Улсын Засгын газар, яам, агенлаг бодлогын түвшинд маш сайн ажиллаж байгаа, тэр дундаа Хөдөлмөр нийгэм хамгааллын яам бол бүр сайн ажиллаж байгаа гэж харж байна. Учир нь сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэх байдал эрс нэмэгдсэн. Гэвч хөдөө орон нутагт энэ сайхан ажлын үр дүн хүрч төдийлөн чадахгүй л байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх ёстой гэж үзвэл тэдний талаар өргөн утга агуулгаар мэдлэг, мэдээлэл, ойлголттой болох нь чухал. Манай аймгийн хувьд Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажилд зуучилж өгдөг. Гэсэн хэдий ч ажилд оруулж өгчихөөд эргээд ямар түвшинд явж байгаа, тогтвортой ажиллаж байгаа эсэх дээр анхаардаггүй. Мөн зарим үед тохирсон ажилд нь зуучилдаггүй байдал олон бий. Үүнээс болж хүн өөрийгөө голох, сонирхол, зорилгогүй болох зэрэг сэтгэлзүйн хувьд асар эмзэг болдог.

-Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Тэгэхээр хэний ч анзаардаггүй, энгийн мэт боловч та бүгдийн эрх зөрчигдөж байдаг зүйлсээс хуваалцвал?

-Энэ бол маш зөв асуулт. Энгийн хүмүүсийн олонх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оршихуйг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Аргагүй ч юмуу даа эрүүл саруул биетэй, сэтгэхүйтэй хүмүүс байж бие биедээ хүртэл хатуу хандаж чадаад байхад гэж ч бодох үе байдаг юм. Нийгэм хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яг бусдын адил байгаагаар нь хүлээн зөвшөөрч харилцах ёстой, гэвч тийм зүйл бидний хувьд мөрөөдөл төдий гэж хэлэхэд болно. Бидний эрх зөрчигддөг маш энгийн зүйлийг л ярихыг хүсч байна. “Би шөнийн клубт явж байна гээд төсөөлөөд үзэхэд л над руу хэдэн хүн харж, намайг хэдэн хүн бодолдоо энэ хүн энд юу хийж яваа юм бол? гэж бодно. Ер нь тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүн олон нийтийн газраар үйлчлүүлэхэд хүмүүст их сонин мэдрэмж өгдөг гэсэн, гэтэл энэ хүмүүс олон нийтийн газраар үйлчлүүлж чаддаггүй гэвэл бүр хачин биш гэж үү? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч мөн хэрэгцээ байдаг энэ бол мэдээжийн асуудал.

Ажил хөдөлмөр эрхлэх, дэлгүүр хэсэх, хоол идэх, олон нийт ихээр очдог газраар үйлчлүүлэх, үзвэр үзэх, дурлах, хайрлах, хуримаа хийх, үр хүүхэдтэй болох, уйлах, шаналах, баясах, инээх, талархах гээд бид бүгдийг хийж чаддаг. Бид чинь хүн болохоос тусгай эд зүйл биш шүү дээ. Гудамжинд ч юмуу, олон нийтийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харахаараа олны танил хүн харсан юм шиг, эсвэл огт байдаггүй харь гаргийн хүн ирчихсэн мэт чанга чанга бидний тухай ярилцах, хүүхдүүд нь мөн биднийг зааж эцэг эхээсээ асуух, гайхширч харах гэх мэт сэтгэл эмзэглэм үйлдлүүд олон байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр ганц тэргэнцэртэй хүнийг төсөөлж ойлгодог хүмүүс олон таарч билээ. Хөгжлийн бэрхшээл гэдэгт саажилт, хэл яриа, хараа, сонсгол, оюун гээд өөр олон төрөл байдаг үүнийг сүүлийн 4,5 жилд л байдаг гэдгийг хүмүүс анзаарч эхэлж байна. Өдий хүртэл орчин нь бүрдээгүй байсан учраас бид нийгэмд гарч төдийлөн чаддаггүй байсан одоо л бид алхам алхмаар нийгэмд өөрсдийгөө сануулж байна. Хүн хүнийхээ байгаа байдал, онцлогийг хүлээн зөвшөөрдөг байгаасай л гэж хүсдэг дээ.

-Таны хэлсэнчлэн хөгжлийн бэрхшээл бол маш олон төрөл байдаг. Тэгэхээр зам, барилга байгууламжуудын зарим шийдлүүд нэлээд хүндрэл үүсгэдэг байх?

-Тэгэлгүй яахав. Зарим барилгууд налуу шатаа бэлэг тэмдэг төдий барьж гүйцэтгэдэг нь үнэхээр харамсал төрүүлдэг. Тэр шатаар зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч биш, хүүхдээ тэрэгтэй нь түрээд ажлаа амжуулж байгаа ээжүүд ч зорчдог. Гэтэл материал нь дуусчихсан юмуу гэлтэй жижигхэн хүн байтугай амьтан ч халтирч унахаар, огцом шийдэлтэй байдаг нь үнэхээр эмгэнэлтэй санагддаг. Мөн замын хашлагууд гарцны хэсэгт налуу байдаггүй байсан сүүлийн жилүүдэд засч янзлаад их өөр болж байгаа. Харин хараагүй иргэдэд зориулсан явган хүний замын голд байрладаг товгор замын хувьд яахав олон улсын стандартаар хийсэн байдаг байх л даа гэхдээ заримдаа гэрлийн шон тааруулж хийчихээд байдаг нь үнэхээр зохисгүй. Харин сүүлийн үед шинээр ашиглалтад орж байгаа барилга байгууламжууд түгээмэл загвар буюу “Хэн ч, Хаана ч” зорчиж, амьдарч болохоор хийж байгаа нь таалагдаж байгаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажилладаг таны хувьд хүүхдүүд таны нүдэн дээр сайжрахыг харах сайхан байдаг байх?

-Тийм ээ. Хүүхэд бүхэн хөөрхөн. Манай байгууллага 2019 онд ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд харьяалал харгалзахгүйгээр манайхаас үйлчилгээ авдаг. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ сувилгааны хэрэгслээр бүрэн хангагдсан бөгөөд олон улсын их, дээд сургууль төгсөж ирсэн чадварлаг эмч, сувилагч нар ажилладаг. Манай байгууллага хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, усан эмчилгээ, хүүхэд хөгжлийн боловсрол, хүүхдийн хөгжлийн үнэлгээ оношилгоо, түвшин тогтоох гэх мэт цогц үйлчилгээг үзүүлдэг гэдгээрээ онцлог. Манай байгууллагаар үйлчлүүлсэн хүүхдүүд сайжрах тусам бид урам авсаар байдаг.


-Бид ярилцлагын турш таны талаар ярилцсангүй шүү дээ. Та өөрийнхөө тухай товч танилцуулбал?

- Намайг Дагвадоржийн Бат-Эрдэнэ гэдэг. Би 1985 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Одоо 36 настай эхнэр, хүүгийн хамт амьдарч байна. Би өөрөө боловсролд маш их анхаардаг хүн л дээ. 2006 онд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн тусгай боловсролын оройн ангийг төгсөж, 2006-2007 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт сургалт, үйлдвэрлэлийн үндэсний төвд 1 жилийн дамжаанд суралцаж компьютер, операторч мэргэжлээр төгссөн. 2015 онд ЮНЕСКО-гийн Залуу манлайлагч хөтөлбөрийн сургалтад хамрагдсан, 2016 онд НҮБХАС-ын Мониторингийн сургалт, 2018 онд Монголын лектор төвийн 14 дэх удаагийн сургалтад хамрагдсан, 2018 онд төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнгийн сургалт, мөн Австрали улсын Засгийн газар болон Зориг сангийн төслийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах чиглэлээр суралцсан. 2019 онд Төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагаар төгссөн.

Ажил эрхлэлтийн хувьд 2011-2013 оны хооронд “Зуунмод хөгжил төв”ТББ-д зохион байгуулагчаар, 2014-2016 онд “Төв аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны нарийн бичгийн даргаар, 2017 оноос одоог хүртэл “Хандлагыг өөрчилье - Хамтдаа хөгжье” ТББ-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга, 2019 оноос мөн одоог хүртэл ХНХЯ-ны харьяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв-д ажиллаж байна.


-Ярилцсан танд баярлалаа.


 

Холбоотой мэдээ