Хоёр тивийн бизнес эрхлэгчид саналаа нэгтгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-14 16:56:50

“Ази Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт” хаалтын хуралдаанаа хийлээ.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус хуралд 43 орны 700 гаруй төлөөлөгч оролцож “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази-европын уялдаа холбоо”, “Жижиг, дунд бизнес олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн дүгнэлт гаргасныг хаалтын хуралдаанд хурал даргалагч нар танилцуулсан юм.

Хаалтын хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клауд Юнкер нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ, “Олон зууны өмнө Монгол Улсын нийслэлд Ази, Европ тивийн бизнесийн, худалдааны олон элч төлөөлөгч ирж уулзаж байсан түүх байдаг. Нэг сонирхолтой нь өнөөдрийн ярьж байгаа сэдэв тэртээ 800 жилийн өмнө ярьж байсан сэдэвтэй ойролцоо утга агуулгатай байгаа нь сонирхол татаж байгаа юм.

Уялдаа, холбооны тухай сэдэв тэр үед анхаарал татаж байсан. Монголчууд тэр үед ярьж байгаад морин өртөөг байгуулж, тэр том гүрний хязгаар захад, чухал хотуудад хүрдэг байсан. Морин өртөөний систем 700 гаруй жил монгол газар нутаг дээр бүрэн хэмжээгээр ажилласан. Энэ бол уялдаа холбоог үүсгэж байсан хэрэг.

Тэр үед  Ази, Европын төлөөний хүмүүс уулзаад иргэд хоорондоо чөлөөтэй зорчих талаар мөн ярьж байсан. Монголчууд тэр үед гэрэгэ гэдэг анхны гадаад паспорт гэж хэлж болох зүйлийг нэвтрүүлж, бизнесийнхэн, худалдаачид, улс орноо төлөөлсөн хүмүүст олгодог байсан. Энэ бол чухал үйл явдал байсан.  

Монголчуудын тэр үед олсон өөр нэг том амжилт бол Торгоны зам гэж худалдааны гол замын аюулгүй байдлыг хангахад их үүрэг гүйцэтгэж байсан. Үүгээрээ Торгоны замын дагуух улс орнуудын ард түмний дэмжлэгийг монголчууд хүлээж байсан юм гэдгийг хэлье. Шашин хоорондын яриа хэлцэл хүртэл Монгол Улсын нийслэлд болж байсан байх юм.

Өнөөдөр Улаанбаатарт ирээд ярьж байгаа энэ зүйлүүдийг харьцуулж харахад агуулгын хувьд ойролцоо байгаа зүйл харагдаж байна.

Монгол Улсын хувь нээлттэй болдого явуулж, бизнесийн хувьд зах зээлийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлсэн харилцааг бий болгохын төлөө ажилладаг. Монгол Улсын төр, Засгийн газрын хувьд бизнесийн болон олон нийтийн санал сэтгэгдлийг байнга сонсохыг хичээдэг. Мэдээж маш их шүүмжлэл байдаг. Бизнесийн орчинг сайжруулах чиглэлд Засгийн газар, Ерөнхийлөгч, парламент хамгаалттай ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гарч байдаг. Бид энэ шүүмжлэлийг авч, өөрийнхөө сургамжаас сурч, орчноо сайжруулахын төлөө аль ч үед улс төрийн хүчнүүд, төр, засагт ажиллаж байгаа хүмүүс хичээж ажилладаг.

Би хоёр жилийн өмнө биенесийнхэнтэй уулзаж байхад манай бизнесийнхэн “Бид дарлагдсан анги хэвээрээ байна” гэж хэлж байсан. Аль ч оронд, ялангуяа зах зээлийн эдийн засагтай, нээлттэй оронд  яваад очиход бизнесийнхэн мөн л төр, засгаас тодорхой хэмжээний дэмжлэг хүссэн, эрх зүйн нөхцө сайжруулахыг шаардсан шаардлагууд тавьж байдаг” хэмээн онцлов.

 Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн хуралдаанаар хоёр тивийн бизнесийнхэн болоод төр засгийн төлөөлөгчид эдийн засаг, ногоон хөгжил, бизнесийн үнэ цэнийн талаар харилцан санал солилцож Ази-европын уялдаа холбоог сайжруулахад талуудын оролцоо чухал гэдэгт  санал нэгдэв. 

Б.Заяа

Холбоотой мэдээ