‘’1000+ сэргэн хөгжих голууд’’олон улсын санаачилгад Ази тивээс Туул гол анхлан нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-11-25 11:41:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Олон Улсын голуудын сан байгууллага хамтран ‘’Туул гол форум”-ыг цахимаар зохион байгуулж байна.


Форумын үеэр ‘’1000+ Сэргэн хөгжих голууд’’ олон улсын санаачилгад Ази тивээс анхлан Туул гол анхлан нэгдлээ. Ингэснээр Туул голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах шинэлэг арга барил бүхий загвар төсөл хэрэгжүүлж, Монгол орны бусад сав газрын экосистемийг сэргээн хөгжүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагааг эхлүүлж байна.


"Сэргэн хөгжих санаачилгад Туул гол нь Ази тивийн голуудаас анхных болж нэгдэн орсон нь бидний хувьд сав газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх тэргүүн туршлага нэвтрүүлэх боломжийг нээж өгч байгаа"-г БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ онцоллоо.


Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр дэлхийн нийт гол мөрөн, усны сан бүхий газар ачаалалд өртсөнөөр хэт ашиглалт, бохирдол болон уламжлалт түүх соёл хоорондын холбоо алдагдсан. Энэ нь сав газрын доройтол, усны бохирдол, тогтворгүй хэрэглээнд хүргэж байгаагаас гадна хот, бүс нутагт нөлөөлж байгаа аж.


Гол мөрөн, усан сан бүхий газруудыг хамгаалах, зохистой ашиглах, ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргэн хөгжих нөхцөл бүрдүүлэх нь чухал учир Олон улсын голуудын сан байгууллагаас “1000+ Сэргэн хөгжих голууд” олон улсын санаачилгыг дэвшүүлжээ.


Монгол Улсын хувьд Усны тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталснаар сав газраар нь усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн. БОАЖЯ манай улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, 29 сав газрын менежментийн төлөвлөгөөг баталдаг бөгөөд хэрэгжилтийг 21 сав газрын захиргаад хариуцдаг аж.


Форумд БОАЖЯ, Сав газрын захиргаад, Олон Улсын голуудын сан байгууллага, Туул голын сав газрын оролцогч талууд, усны салбарын мэргэжилтэн, судлаачид оролцлоо. 

Холбоотой мэдээ