79 багийн дарга сонгогдон ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-24 18:32:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнгөрсөн сард “сумдын багийн Засаг дарга сонгох сонгууль” болж, 79 багийн Засаг даргыг сонгосон байна. Үүний 44 нь энэ жил шинээр сонгогдсон бол 35 багийн Засаг дарга улиран сонгогджээ.  

Тодруулбал, Ховд сумын Дунд ус багийн Засаг дарга С.Солтаншарав хамгийн олон буюу зургаа дахь удаагаа сонгогдож, 21 дэх жилдээ багийн даргаар ажиллаж байна.   

Мөн Буянт сумын Наранхайрхан, Мянгад сумын Баянбулаг гэсэн хоёр багийн Засаг дарга тав дахь удаагаа сонгогдсон аж. Харин гурав болон дөрөв дэх удаагаа сонгогдсон багийн Засаг дарга тус бүр гурав байгаа. Мөн хоёр дахь удаагаа сонгогдсон 25 хүн өдгөө багийн даргаар ажиллаж буй. 

Үүнтэй холбогдуулан багийн Засаг даргын үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага солилцох, засаг захиргааны анхан шатны нэгж болох багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Багийн Засаг дарга нараа чадваржуулах сургалт, зөвлөгөөн”-ийг энэ онд анх удаа зохион байгуулж байна.   

Энэ удаагийн сургалтад хөдөөгийн 16 сумын 76 багийн Засаг дарга оролцов. Сургалтын eрөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-III болон BEST төсөл хамтран ажиллаж буй.     

Энэ үeэр орон нутгийг хөгжүүлэх бодлогын баримт бичиг, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйн асуудал, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн өөрчлөлт, төсвийн шинэчлэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд албаныхан мэдээлэл хийж байна.  

Мөн аймаг орон нутгийн бодлого, цаашдын зорилт, онцлох ажил, зарим тулгамдсан асуудлын талаар оролцогчид зөвлөлдөж буй. 


Холбоотой мэдээ