Өндөр-Улаан сумын цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулахад шинэ технологи ашиглажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. "Семаатерр-II" төслийн хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ, дээврийн дулаалгын арга технологи сэдвийн хүрээнд газар дээрх, онол практик хосолсон сургалтыг энэ сарын дундуур зохион байгуулжээ.
Өндөр-Улаан сумын цэцэрлэгийн барилгын дээвэр, шал, суурийн дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажлыг орон нутгийн барилгын компани болох "Газрын гагнаас" ХХК гүйцэтгэсэн. Цэцэрлэгийн барилгын дээвэр, шал суурийн дулаалгын ажлыг хийсэн ба дээврийн ус тусгаарлалтын ажлыг PVC мембран материал ашиглан хийсэн байна. Энэхүү технологийг Архангай аймагт анх удаа оруулж байгаа аж.

Үзүүлэн таниулах сургалтад Архангай аймгийн ГХБХБГ-ын инженер мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын барилгын болон эрчим хүчний байцаагч нар, аймгийн ерөнхий архитектор, аймгийн барилга дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн Архангай аймаг дахь гишүүн, төслийн ажлын хэсгийн төлөөлөл, аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Д.Үүрцайх, орон нутгийн хувийн барилгын компаниудын захирал, инженерүүдийн төлөөлөл зэрэг инженер техникийн мэргэжилтнүүд оролцжээ.
Сургалтын эхэнд төслийн менежер Б.Оюунтуяа төслийн ерөнхий мэдээллийг хүргэж, төслийн зөвлөх, эрчим хүчний аудитор Ж.Ганхуяг төслийн хүрээнд гүйцэтгэсэн Архангай аймгийн 6 сумын олон нийтийн барилгын эрчим хүчний гэрчилгээ, төслийн суурь судалгааг танилцуулжээ.
Мөн төслийн техникийн мэргэжилтэн Г.Санжаа, Газрын гагнаас ХХК-ийн захирал Д.Эрдэнэцогт нар барилгын дулаалгын ажлын гүйцэтгэлийн явцыг сургалтад оролцогчдод танилцуулсан. Барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээ, ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвөөс боловсруулсан барилгын далд ажлын актын танилцуулга зэрэг онол дээр суурилсан мэдээллүүдийг төслийн зүгээс сургалтад оролцогчдод хүргэсэн байна. Төслийн зүгээс сургалтад оролцогчдоос төслийн цаашдын үйл ажиллагаанд санал авах, хэрхэн хамтран ажиллах тал дээр мөн нээлттэй хэлэлцсэн байна.