Өвөл, хаврын бэлчээрийн ургац га-д 6.0 цн-ийн дундажтай гарчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-11-23 15:13:09

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран 2021 онд бэлчээрийн төлөв байдлыг фото мониторингийн аргаар тодорхойлох ажлыг 355 цэгт хийж, бэлчээрийн даац хүрэлцээ хангамжийг тогтоожээ.

Судалгаагаар аймгийн хэмжээнд бэлчээр дунджаар 1-3 дахин хэтэрч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрсөн судалгаа гарсан байна. Мөн Ус цаг уур орчны шинжилгээний газрын бэлчээрийн бодит ургацыг тогтоосон дүнгээр өвөл, хаврын бэлчээрийн ургац га-д 6.0 цн-ийн дундажтай гарсан байна.

Аймгийн хэмжээнд нийт бэлчээрийн 10 орчим хувийг орон нутгийн тусгай хэрэгцээ буюу сумын отрын бүс нутгаар тогтоон баталгаажуулах, ашиглах, хамгаалах асуудлыг сайжруулахаар аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын баг сумдад ажилласан.

Аймгийн хэмжээнд нийт 229.2 мянган га отрын бэлчээрийг сумдын ИТХ-ын тогтоолоор баталсан боловч бэлчээрийн даац, ачаалал ихэнх суманд 1-3 дахин хэтэрсэн учраас зориулалтын дагуу ашиглах асуудал хүндрэлтэй байгаа ажээ.

Мөн бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг хавар Хангай, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат сумын  14 багийн 15000 га бэлчээрт зохион байгуулж, нийт 443 малчин, 17 иргэн, 78 төрийн албан хаагч, 78 машин, 52 мотоцикл, техник хэрэгсэлтэйгээр ажлыг 81 хувийн үр дүнтэй зохион байгуулсан байна.

Харин энэ намар 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ны хооронд бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг 25.2 мянган га бэлчээрт зохион байгуулж дуусгасан. Үүнд, Хашаат сумын 8000 га, Цэцэрлэг сумын 8000 га, Өлзийт сумын 4600 га, Өгийнуур сумын 4600 га талбайг тус тус хамруулсан байна. 

Холбоотой мэдээ