Харуулын даргаа буудсан цэрэгт 11 жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-16 21:17:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч энэ оны дөрөвдүгээр сард харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Уг хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж өнөөдөр шийдвэрээ гаргажээ.


Шүүхээс шүүгдэгч О.Х-г “хүний амийг хөнөөсөн" гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.М-тэй бүлэглэн “Цэргийн албанаас оргон зайлах”, “Цэргийн албан хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн”, “Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэнд тооцож 11 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


Харин шүүгдэгч Т.М-г шүүгдэгч О.Х-тэй бүлэглэн үйлдсэн, “Байлдааны тоног төхөөрөмжийг санаатай эвдсэн, мөн “Монгол улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэнд тооцож хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон ч нэг жилийг нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.



Холбоотой мэдээ