Катарын ажлын баг Монгол Улсад хөрөнгө оруулах боломжуудыг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-10 12:57:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд энэ сарын 9-нд тус улсын Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль-Танид бараалхав.


Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг уламжлахын зэрэгцээ Катар Улсын Засгийн газар “КОВИД-19” цар тахлын эсрэг тэмцэхэд 150 мянган ам.долларын эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хандивласанд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.


Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төрийн харилцаа бэхжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай өргөжүүлэх зорилгоор Катарын талын ажлын багийг Монгол Улсад ажиллуулж, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлахаар тохиролцов.


Катарын Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Халид бин Халифа бин Абдулазиз Аль-Тани Монгол Улсаас дээд, өндөр түвшний айлчлал хүлээн авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа хүрээнд Катарын хөгжлийн сангийн Гүйцэтгэх захирал Халифа бин Жасем Аль-Куваритай уулзаж, Катарын тусламжаар барих хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилт, цөлжилтийн эсрэг тэмцэх, мод тарих, экологийн бохирдлыг арилгах зэрэг асуудлаар ярилцав. Катарын хөгжлийн сан нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллахаа нотлов.


Түүнчлэн Катарын Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Мансур бин Ибрахим Аль-Махмудтай уулзахдаа хөрөнгө оруулалт, уул уурхай, банк санхүү, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, улмаар Катарын  тал судалгааны баг Монгол Улсад илгээж, ажиллуулахаар тохиролцов.

Холбоотой мэдээ