Алтай хотын иргэд ундны усны баталгаат эх үүсвэртэй боллоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-11-01 13:45:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах ус дамжуулах хоолой барих ажил амжилттай хэрэгжиж аравдугаар сарын 30-нд нээлтээ хийлээ. 

Говь-Алтай аймгийг байгуулсан цагаас нэн тулгамдаж байгаа асуудал бол ундны цэвэр усны хангамж юм. “Тайшир-Алтай” усан хангамжийн төсөл хэрэгжиж Завхан голоос эхтэй Гэгээн нуураас Алтай хот руу цэвэр ус татах ажил 2019 оны  тавдугаар сард эхэлж байсан бол ийнхүү гурван жилийн турш хэрэгжиж ашиглалтад ороход бэлэн болжээ. Уг төслийг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санаачлан Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэн дэмжлэг авч, холбогдох арга хэмжээг авснаар Австри Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төсөл амжилттай хэрэгжив.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Раднаасэд, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, орон нутгийн удирдлагууд холбогдох албаны төлөөлөл оролцлоо. 

Алтай хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуйн стандартад нийцсэн хэрэглээний усыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагыг олж харан, боломжит бүх хувилбарыг эрэлхийлж шийдэлд хүрч, бүтээн байгуулалт босгоход бодит хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд Алтайчууд баярлаж талархаж байгаагаа нээлтийн үеэр илэрхийлж байсан юм. 

Төслийн гол зорилго нь Тайширын усан цахилгаан станцын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 54,5 км урт 250 мм голчтой далд яндан хоолойгоор дамжуулан хүн амын ундны, ахуйн шаардлага хангасан усыг Алтай хотын оршин суугчдад тасралтгүй, найдвартай хүргэхэд оршиж байна. Төслийн нийт өртөг 14 сая евро. Зураг төслийг Барилга хот байгуулалтын яам, "ОСТАП" ХХК, "Могумб" ХХК хийсэн бол, Ерөнхий гүйцэтгэгчээр "Ти Ар Эм" ХХК, туслан гүйцэтгэгчээр "Сайрам булган" ХХК ажиллажээ. Төслийн хүрээнд нийтдээ 54.8 км урт цэвэр усны шугам, хоёр өргөх насосын станц, 2000 м3 усан сан, хоногт 172м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламж барьжээ. 

Алтай хотынхон 1950-иад онд Завхан голоос машинаар ус зөөж, ундандаа хэрэглэж байсан бол 1970 оноос худгийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авсан ч Алтай хотын ундны ус хүн амын ундны усны стандартын шаардлагыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг нотолсон олон судалгаа, дүгнэлт гарсан байдаг. Оршин суугчдын дунд халдварт бус өвчин, хавдар эрс өссөөр байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар ирсэн. Урьд өмнө нь газрын доорх усны эрэл хайгуулын олон төсөл хэрэгжүүлж ирсэн боловч хүрэлцэхүйц хэмжээний нөөц, чанарын шаардлага хангах эх үүсвэр тогтоож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Энэхүү төсөл нь Монголд анх удаа гадаргын усыг цэвэрлэн унд ахуйн зориулалтаар ашиглах шинэ технологийг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм. Төсөл ийнхүү хэрэгжиж эхэлснээр Алтай хотын 19 мянган хүн ам дэлхийн жишигт нийцсэн технологиор цэвэршүүлсэн, эрүүл ахуйн стандартыг хангасан цэвэр ус хэрэглэх боломжтой боллоо.

Хүн амыг ундны усны стандартад нийцсэн усаар хангахаас гадна шугамын трассын дагууд фермерийн аж ахуй хөгжих, ойн зурвас, төгөл байгуулж цөлжилттэй тэмцэхэд зохих хувь нэмэр оруулна. Түүнчлэн ус хангамжийн хүртээмж нэмэгдсэнээр алслагдсан аймаг, говь, тал хээрийн бүс нутагт хөдөөгийн хүн ам, мал сүргийг цэвэр усаар хангах,  нүүдлийн амьдралын хэв маягийг суурин, хагас суурин хэв загварт оруулж инженерийн дэд бүтэц бүхий хот айл, фермерийн аж ахуйг хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэж, хөдөөгийн хүн амын соёл боловсролын ерөнхий түвшин мэдэгдэхүйц дээшлэх зэрэг нийгэм эдийн засаг, экологийн онцгой ач холбогдолтой юм. 

Монголд анхны хэмээх тодотголтой энэхүү ажлыг цаашид "Ундарга-Алтай" ААТҮГ баг хамт олон үргэлжлүүлэх ажээ.