Чехийн төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Милош Земан тэргүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-08 13:20:28

ПРАГА. /CTK/. Энэ сарын 14-16-нд Монголын нийслэл Улаанбаатар хотод болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцох Чехийн төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Милош Земан тэргүүлнэ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтах албаны хүмүүсийн нэрсийг Ерөнхий сайд Богуслав Соботкагийн Засгийн газар хэлэлцэн тодруулах ажээ.

Дээд түвшний уулзалтын үеэр төлөөлөгчид нэгдсэн хуралдаан болон бүс нутаг болон дэлхий дахины асуудлаар хаалттай хэлэлцүүлэгт оролцоно. Уулзалтын явцад терроризм, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхийлөгч М.Земан бусад орнуудын төлөөлөгчидтэй хоёр талын хэлэлцээ хийх юм.

Ази, Европын 51 орныг эгнээндээ багтаасан АСЕМ-д Чех улс 2004 онд нэгджээ. АСЕМ-ын Дээд түвшний уулзалт хоёр жил тутамд Ази, Европ тивд ээлжлэн зохион байгуулагддаг. Хамгийн сүүлд 2014 онд Миланд болсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ