Шилжин ирсэн иргэдэд төрийн үйлчилгээ авахад холбон зуучилж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-10-28 20:13:52

Завхан/МОНЦАМЭ/. Хотоос аймаг, сумдад шилжин ирэгсдэд тулгамддаг олон талын асуудлууд байсаар байгаа энэ үед Завхан аймагт шилжин ирэгсдэд зориулсан мэдээлэл өгөх төв нээгджээ. Шилжин суурьшигчдад эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв ямар үйл ажиллагаа явуулж буй талаарх тодруулгыг "Сэтгэлийн гоёл" төрийн бус байгууллагаас авлаа.   


-Шилжин суурьшигчдад эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг хэзээ нээсэн бэ?

-НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ-ын санхүүжилтээр “Шилжин суурьшигчдыг чадавхжуулах нь” бичил төслийн хүрээнд манай төв өнгөрсөн дөрөвдүгээр сард нээгдсэн. Улаанбаатар болон бусад аймаг, сумдаас Завхан аймагт шилжин ирсэн иргэдэд эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой. Энэ төвийг хариуцан ажиллаж буй "Сэтгэлийн гоёл" төрийн бус байгууллага нь 2012 онд байгуулагдсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудад эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг төрийн бус байгууллага юм.

-Танай төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй бичил төслийн зорилго?

-“Сэтгэлийн гоёл” төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй “Шилжин суурьшигчдыг чадавхжуулах нь” бичил төслийн зорилго нь шилжин суурьшигчдыг чадавхжуулах замаар тэдний эмзэг байдлыг бууруулах бөгөөд  дараах гурван зорилтот арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, шилжин суурьшигчдад  эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг аймгийн Ахмадын ордны нэгдүгээр давхарт нээгээд буй. Энэ төв маань яг одоо шилжин ирсэн иргэдэд үнэ төлбөргүй эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.

Хоёрдугаарт, Улиастай сумын зургаан багийн зорилтот бүлгийн 40 иргэнд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх багц сургалтыг хийгээд байна. Эдгээр иргэдэд мөн нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, чадавхжууллаа. Энэ сургалтын хүрээнд хөдөлмөрийн эрх зүй, гэр бүлийн харилцаа, хувь хүний хөгжил, өөрийн үнэлэмж зэрэг шилжин ирсэн иргэнийг чадавхжуулах. Хөдөлмөрт бэлтгэх агуулга бүхий сургалтыг цогц байдлаар зохион байгуулсан. Мөн оролцогчдын дунд хуримтлал үүсгэх зорилгоор “Итгэлцэл” дундын хадгаламжийн бүлгийг үүсгэн ажиллуулж байна.

Гуравдугаарт, дээрх сургалтад оролцогчид болон хүсэлт тавьсан иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрийн үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамруулах. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд холбон зуучилж байна.

-Шилжин суурьшигчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Шилжин суурьшиж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээнд холбон зуучилж байна. Үүний үр дүнд оёдол, модон эдлэл, гар урлал, кимчиний үйлдвэрлэлийн таван бүлэг үүссэн байна. Эдгээр иргэдэд төсөл бичих. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын талаарх мэдээлэл олгох. Хувь хүний хөгжлийн сургалтад хамруулж, нийт нэг сая төгрөгийн жижиг тоног төхөөрөмж, хэрэгслийг гардуулсан байна. Мөн шилжин ирсэн иргэдэд эрүүл мэндийн болон улсын бүртгэлийн үйлчилгээ авахад дэмжих. Холбон зуучлах үйлчилгээг үзүүлсэн. Тухайлбал, 20 иргэнд түргэвчилсэн тест үнэ төлбөргүй олгоод байгаа.

-Тэгэхлээр танай төв нээгдсэнээс хойш үр дүнтэй ажлуудыг нэлээд хийжээ. Цар тахлын үед үйлчилгээгээ хэрхэн үзүүлж байна вэ?

-Цар тахлын үед буюу өндөржүүлсэн бэлэн байдлын үед Завхан аймагт бусад аймаг, Улаанбаатар  хотоос шилжин ирсэн иргэдэд шилжин суурьшихтай холбоотой асуудлаар 88601090 утсаар ажлын цагаар холбогдож үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Мөн сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө мэдээлэл хүссэн иргэдэд иргэдэд утсаар болон мэйл хаягаар зөвлөгөө мэдээллийг тасралтгүй хүргэж байгаа. Харин цар тахлын дэгдэлт багассан энэ үед халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж иргэдийг цаг товлон хүлээн авч уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч байна. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 130 гаруй иргэн төвд ирж, зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээг авсан байна. 

Холбоотой мэдээ