Монголын Хөрөнгийн бирж олон улсын хөгжиж буй зах зээлийн жагсаалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-27 12:37:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хөрөнгийн зах зээлийг Их Британийн “FTSE Russell” группийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын жагсаалт”-ад (Watch List) багтаасан байна.

FTSE Russellнь мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас тавьдаг техникийн хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу олон улсын зах зээлүүдийг “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн 4 зэрэглэлээр ангилдаг аж. Улс орнуудын хөрөнгийн зах зээлийн зэрэглэлийг жилд нэг удаа тогтоодог бөгөөд аливаа зах зээлийг зэрэглэл дэвшүүлэх, бууруулахын өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-ад оруулдаг байна. 

Энэхүү үнэлгээг хийхэд арилжаа, төлбөр тооцоо, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Зах зээлийн ангиллын Зөвлөлийн хороо болон олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын төлөөллийг оролцуулсан Бодлогын зөвлөлийн хороо оролцдог.

Монголын хөрөнгийн зах зээл нь анх 2012 онд тус ангилалд багтаж байсан боловч 2015 онд төлбөр тооцооны Т+3 системийг урьдчилсан төлбөрт систем рүү эргүүлэн ухраасан болон зах зээлийн төлбөр тооцооны эрсдэлийг хаах зориулалт бүхий төлбөрийн баталгааны санг тараасан зэрэг шалтгаанаар 2017 онд тус ангиллаас хасагдсан юм.

Энэхүү ангилалд эргэн орж, олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болох үүднээс Монголын Хөрөнгийн бирж нь өнгөрсөн хугацаанд төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр ажиллаж ирлээ.

Тодруулбал, 2017 оноос зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд дотоодын хөрөнгийн зах зээл 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс төлбөр тооцооны Төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимд суурилсан Т+2 системд амжилттай шилжсэн. Мөн олон улсын хөрөнгө оруулагчдын тавьдаг үндсэн гол шаардлагыг хангасан нь манай хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, цаашид мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэх, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрджээ

Холбоотой мэдээ