Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангараг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-21 10:33:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиар сонгогчдын олонхын санал авсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөлөө.


УИХ-ын гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат нар чуулганы индрээс “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.


Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн буюу 17 264 иргэний санал авсан бол Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын 51 хувь буюу 28 537 иргэний санал авсан юм. СЕХ-ноос нөхөн сонгуулийн саналын хуудсанд 100 хувь гар тооллого хийж баталгаажуулжээ.


Дээрх хоёр тойрог нийт 148 хэсгийн хороотой бөгөөд энэ сарын 10-нд зохион байгуулсан нөхөн сонгуульд 17 хэсгийн хороо нь 50+1 хувийн ирцэндээ хүрсэн юм. Ингэснээр, нийт ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувь байсан тул нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн. Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд 131 хэсгийн хороонд явуулсан бөгөөд өмнөх санал хураалтад оролцоогүй хүмүүс саналаа өгсөн. Ингэхдээ  тэдгээрийн саналыг өмнөх дүнд нэмж тооцсон гэдгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Нэмэлт санал хураалтын эцсийн дүнгээр Сонгинохайрхан дүүрэгт ирц 48.89 хувь, Хэнтий аймагт 46.65 хувь байсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтад ирцийн босго тавьдаггүй бөгөөд иргэдийн нийт саналаас олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-д танилцуулдаг байна.


Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байна.


Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулсан юм.

Холбоотой мэдээ