Азийн шүхрийн холбооны төлөөлөгчид МҮОХ-нд зочлов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-19 18:14:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн шүхрийн холбоо /АШХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Чой Чан Ил тэргүүтэй төлөөлөгчид МҮОХ-нд зочилж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатартай ажил хэргийн уулзалт хийжээ.


АШХ-ноос тус спортыг тив болоод олон улсад хөгжүүлэхэд Монголын шүхрийн холбоо /МШүХ/-ны үүрэг оролцоо багагүй гэдгийг ноён Чой уулзалтын эхэнд онцолсон. Мөн Монголд шүхрийн тэмцээн зохион байгуулах, багш дасгалжуулагчдыг чадавхжуулах талаар хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.


Тэрбээр: “Заалны шүхрийн төрөл бол аюулгүй спорт. Бид энэ төрлийг Азийн наадам, цаашлаад зуны олимпын наадмын хөтөлбөрт оруулах хэтийн зорилготой. Катарын Доха хотод 2030 онд Азийн наадам болно. Катар бол шүхрийн спортыг өндөр түвшинд хөгжүүлсэн, хэрэглэл материал, дэд бүтцийн хувьд дэлхийд эхний гуравт орох хэмжээний улс. Иймд 2030 оны Азийн наадмын хөтөлбөрт заалны шүхрийг оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг төрлийг улс орнуудад жигд хөгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын хувьд заалны шүхэр төдийлөн хөгжөөгүй ч оройтоогүй байна. 2030 он хүртэл хугацаа байгаа болохоор хамтран хөгжүүлж чадвал богино хугацаанд амжилт гаргах боломжтой” гэв.


Харин МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар тэднийг зочлон ирсэнд талархлаа илэрхийлж, олны сонирхлыг татсан шинэ төрлийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ