Европын Холбоо, БНХАУ дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-10-16 10:27:38

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ЕХ-Хятадын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцжээ.


Мишель энэ тухай баасан гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Өнөөдөр би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилаа. Бид ЕХ-БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, яриа хэлэлцээгээ бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж тэрбээр бичжээ. Хоёр талын  яриа хэлэлцээ “урьдын адил чухал хэвээр байгаа” гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Талууд мөн Афганистан дахь нөхцөл байдлын талаар ярилцсан байна. "Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байж, “Талибан” хөдөлгөөнөөс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, бүх талыг оролцуулсан Засгийн газар байгуулах баталгаа өгөхийг шаардах ёстой" гэж Мишель онцлон тэмдэглэжээ.


ЕХ-БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтаас гадна, талууд ЕХ-ны бүх орнуудын удирдагчдын оролцоотойгоор Хятадтай дээд хэмжээний уулзалт хийх боломжийг судлахаар тохиролцсон гэж тус холбооны гадаад бодлогын албан дахь эх сурвалж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. ЕХ-БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтад ЕХ-г зөвхөн Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен нар төлөөлдөг ажээ. 


Холбоотой мэдээ