Б.Алтанчимэг: Манай байгууллага улсын төсөвт 400 гаруй сая төгрөг төвлөрүүлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-15 17:09:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлсний гурван жилийн ой энэ сарын 18-нд тохионо. Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллаагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар Баянхонгор аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн Лабораторийн эрхлэгч Б.Алтанчимэгтэй ярилцлаа.

 

-Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг орон нутагт байгуулах хэрэгцээ шаардлага хэдий үеэс гарч, тэр дундаа Баянхонгор аймагт байгуулах болсон талаар яриагаа эхэлье.

-Орон нутагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлсний гурван жилийн ойн мэндийг салбарынхан болон нийт харилцагч, үйлчлүүлэгч нартаа дэвшүүлье. Сорьцын лаборатори нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл болон Стандарт, хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын сорьцын хяналтын газартай хамтран орон нутагт анх удаа хэрэгжүүлсэн ажил.

Улсын хэмжээнд манай аймгаас гадна Дархан-Уул аймагт тус лаборатори ажилладаг. Стандарт хэмжилзүйн газар, Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлаг нь Дархан-Уул, Баянхонгор аймагт лаборатори байгуулахад нийт 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Үнэт металл хайлж гулдмайлан сорьц тогтоох, алт худалдан авах ажиллагааг Баруун бүсийн хэрэглэгчдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг манайх гардан зохион байгуулж байна. Өмнө нь алтны арилжаа эрхлэгчид Улаанбаатар хотод, нэг цэгт төвлөрөн дугаар дараалал болж, зардал чирэгдэл ихтэй үйлчлүүлдэг байсныг цэгцэлсэн томоохон ажил болсон юм.

-Лабораторийн үйл ажиллагаа хэдий үеэс жигдэрсэн бол. Алт хайлах ажлыг жил жилийн тоо баримтаар дэлгэж болох уу?

-Баруун бүсийн тулгуур төв болох Баянхонгор аймагт сорьц тогтоох лаборатори нь 2018 онд 88 кг, 2019 онд 657кг, 2020 онд 1229кг, 2021 оны эхний 10 сарын байдлаар 1009 кг алт хайлж, гулдмайлж, сорьц тогтоох шинжилгээг хийгээд байна. Гурван жилд нийтдээ 2980 кг буюу 3 тонн шахам алтыг хайлж, 1660-аад ширхэг алтан гулдмайнд сорьцын шинжилгээ хийн, баталгаа гаргаж, улсын төсөвт 400 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн. Уг тоо баримтаас харахад Сорьцын лабораторийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, хэрэгцээ шаардлага ихэсч байгааг харж болохоор байгаа.

-Харилцагчдын тооны тухайд ААН голчилдаг уу, хувь хүмүүс байдаг болов уу?

-Нийт үйлчлүүлэгчдийн үйлчлүүлсэн хэмжээ хувиар илэрхийлбэл Аж ахуйн нэгж 35 хувь, алтны арилжаа эрхлэгчид 65 хувийг эзэлж байна. Баруун бүсийн сорьц тогтоох лаборатори нь нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт алт олборлогч 20 гаруй аж ахуйн нэгж, 60 гаруй иргэн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Алт хайлах, гулдмайлж, сорьц тогтоох гээд нэг биш ажлын тухайд та ярьж байна. Үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?

-Сорьцын алба нь Монгол Улсын “Эрдэнэсийн сангийн тухай”, “Ашигт малтмалын тухай” хууль тогтоомж,  Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор хүлээсэн чиг үүргийг сурталчлах, хүргэх, сорьцын баталгаат байдлыг хууль тогтоомжийн хүрээнд хангуулж, төрийн үйлчилгээний ил тод, шуурхай, хүртээмжтэй, чанартай байдлыг хангахад төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, чадваржуулах, мэргэшүүлэхэд чиглэсэн удирдлага зохион байгуулалтаар ажиллаж байна.

Лаборатори ялгаж авсан алтыг тусгай зориулалтын төхөөрөмжөөр хайлж гулдмайлдаг. Алт хайлах төхөөрөмж нь индукцийн болон цахилгаан зуух байхаас гадна өндөр температурт ажиллах боломжтой хийн дөл/хийн баллон/-өөр хайлж болно. Үнэт металлын сорьц тогтоох, шинжилгээ гэдэг нь тухайн алтан гулдмайнд хэдэн хувийг алт эзэлж байгааг буюу алтны агуулгыг тогтоож өгч буй үйлдэл бөгөөд энэ нь алтны арилжаалагдах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Сорьц тогтоох лабораторид алтыг MNS 4778/99 стандартын дагуу жингийн аргаар сорьц тогтоодог.         

-Танай лаборатори ойн хүрээндээ ямар ажил өрнүүлж байгаа вэ?

“Дэлхийн стандартын өдөр”, “Орон нутагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлсний 3 жилийн ой”-г тохиолдуулан манай хэлтсээс “Стандарттай Баянхонгор” 10 хоногийн аяныг зарлаад байна. Энэ хүрээнд Баруун бүсийн үнэт металийн сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагааг сурталчлах видео нэвтрүүлэг, контент, гарын авлага бэлтгэн түгээх, хамтран ажилладаг аж ахуйн нэгж, иргэдэд “Эрдэнэсийн сангийн тухай” хууль тогтоомж, Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоол, Сорьцын лабораторид мөрдөгдөж буй журам, дүрмийн танилцуулга хийх, хамтын ажиллагааг сайжруулахад анхаарах асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Цаашид үйл ажиллагаандаа анхаарах ямар асуудлууд байгаа бол?

-Үйл ажиллагааны хүрээ, хүртээмж нэмэгдэхийн хэрээр ажлын байрны стандартыг дээшлүүлэх ажил чухлаар тавигдаж байна. Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах, давхарлах, өргөтгөх арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Лаборатори болон Хайлах цехийн агааржуулалтын системийг бүрэн шинэчлэн сайжруулахгүй бол хүндрэлтэй асуудал цөөнгүй гардаг. Тухайн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох газруудад уламжлаад байгаа.

Холбоотой мэдээ