Хоёр хоногийн хугацаанд 30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-11 21:22:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд Сүхбаатарт үйлдвэрлэв-2021” үзэсгэлэн  худалдаа амжилттай болж өндөрлөсөн. Хоёр өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн худалдааны үеэр үйлдвэрлэл эрхлэгчид нийт 30 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийжээ. Мөн оролцогчдыг нийт 11 төрлийн номинациар шалгаруулж, урамшуулсан бөгөөд Гран при шагналын эзнээр Түмэнцогт сумын үйлдвэрлэл эрхлэгчид тодорчээ.


Харин орон нутгийн брэнд бүтээгдэхүүнээр Халзан сумын өрхийн үйлдвэр эрхлэгч, М.Батжаргалын таанын сорс шалгарсан байна. Тэрээр энэхүү бүтээгдэхүүнээ сүүлийн арваад жил тасралтгүй үйлдвэрлэж байгаа бөгөөд улсын хэмжээнд зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд аймгаа төлөөлөн амжилттай оролцож байсан юм.

Цар тахлын улмаас хоёр жилийн дараа зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд 11 сумын 100 гаруй үйлдвэрлэл эрхлэгч оролцов. Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдэд амаргүй цаг үе байсан ч нөгөө талаар өөрсдийн бүтээгдэхүүний чанараа сайжруулахад анхаарахад хангалттай хугацаа байсан. Энэ ч утгаараа иргэдийн дунд хүлээлт их байлаа. Өөрөөр хэлбэл шинэ, шинэлэг бүтээгдэхүүнийг иргэд хүссэн. Гэвч  өмнөх жилүүдэд болж байсан үзэсгэлэн худалдаатай харьцуулахад оролцогчдын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлоос эхлээд өнгө үзэмж, чанар муутай, нэр төрлийн сонголт цөөн байсныг шүүмжлэх иргэд цөөнгүй байлаа. Энэ байдлыг ч зарим удирдлагууд олж харжээ. Тиймээс цаашид илүү шинэлэг бөгөөд үр дүнтэй байлгахын тулд үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах талаар холбогдох газруудтай санал солилцсон байна.

Орон нутагтаа л амжилттай гэх үйлдвэрлэл эрхлэгчид энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцоогүй. Магадгүй энэ нь иргэдийг дээрх шүүмжлэлийг гаргахад нөлөөлсөн байх талтай. Олон жил ажилласан, оролцсон туршлагатай, өөрсдийн бүтээгдэхүүнээ аймагтаа төдийгүй бүс, улсын хэмжээнд борлуулж байгаа зарим нэг үйлдвэрлэл эрхлэгчдээс оролцоогүй шалтгааныг тодруулахад зохион байгуулалт хангалтгүй, үр өгөөж муутай, шалгаруулалт үнэн зөв явагддаггүй зэргийг хэлж байсан юм.

 

 

Холбоотой мэдээ