Төвшрүүлэх суманд тариа хураалт 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-11 11:51:43

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга М.Батжаргал, ХХААГ-ын дарга П.Гомбодорж нар энэ амралтын өдрүүдэд Төвшрүүлэх суманд ажиллажээ.

Тариалангийн бүс нутаг болох Төвшрүүлэх суманд энэ жил 26 иргэн, аж ахуй нэгж 11 мянган га талбайг эргэлтэд оруулж, үр тариа тариалжээ.

Хур бороо элбэгтэй байсан учир тариа хураалтын ажил 10 гаруй хоногоор хойшилсон байна. Тариа хураалтын ажил нийт дүнгээрээ 80 хувьтай байгааг Төвшрүүлэх сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн Ш.Буяндэлгэр хэлэв.

Сүүлийн гурван жилтэй харьцуулахад ургацын баланс нэмэгдсэн байна. Нэгж га талбайгаас 18-20 цн улаанбуудай хурааж байгааг тариаланчид онцолсон байна.

Тариа хураалтын ажилтай танилцах үеэр  тариаланчдаас хэд хэдэн асуудал тавьжээ. Тухайлбал,

-Тариа болон бэлчээр сүйтгэж байгаа нугын бор эрвээхий, тарианы бөөс зэрэгтэй эрчимтэй тэмцэх арга хэмжээ авах,

-Малчид тариаланчдын эрх зүйн харилцааг зохицуулах,

-Ногоон тэжээл хадгалах агуулах савыг түрээсийн нөхцөлтэйгөөр олгож өгөх,

-Үр тариа хадгалах агуулах /элеватор /-тай болох  зэрэг саналуудыг хэлжээ.

Тариаланчдаас гарсан саналуудыг шийдвэрлэж, хариу мэдэгдэхээ аймгийн удирдлагууд хэлсэн байна.

Холбоотой мэдээ