Австрийн засгийн газрын хямрал дууссаныг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-11 10:51:31

ВЕНА. /TASS/. Австрийн Канцлер Себастьян Курц огцорч буйгаа мэдэгдсэний дараа засгийн газарт үүсээд байсан хямрал дууслаа. Засгийн газар даваа гаргаас эхлэн шинэ Канцлертай ажлаа үргэлжлүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Александр ван дер Беллен ням гарагт мэдэгджээ.


“Засгийн газрын хямрал дууссан. Даваа гаргийн өглөө шинэ Канцлер, шинэ Гадаад хэргийн сайд нар тангаргаа өргөнө” гэж тэрбээр хэлсэн байна.


Тэрбээр Канцлерын албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасан Курцэд талархаж буйгаа илэрхийлээд “Засгийн газрыг өөрчлөн байгуулах үйл явц дууссан бөгөөд одоо бид итгэлцлээ сэргээж, ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна гэж нэмж хэлжээ.


Австрийн Канцлер Себастьян Курц авлигын гэмт хэрэгт оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсний дараа албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа бямба гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр өөрийн ойрын хамтран зүтгэгч Гадаад хэргийн сайд Александр Шалленбергийг Засгийн газрын шинэ тэргүүнээр томилохыг Ерөнхийлөгчид санал болгожээ. Курц өөрөө консерватив үзэлт Австрийн Ардын намын дарга хэвээр үлдэж, Үндэсний зөвлөлийн (парламентын доод танхим) депутат болох аж.


Холбоотой мэдээ