Алдарт дуучны үйл хэргийг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-06 17:37:42

Завхан/МОНЦАМЭ/. Цагаанхайрхан сумын Соёлын төвийг сумын уугуул Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болгожээ.

-2021 оны 9 дүгээр сард аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор сумын Соёлын төвийг алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болгох тогтоол гарсан. Энэ тогтоолыг баталснаар их үүрэг хариуцлага бидэнд ирж буй. Манай соёлын төвөөс нутгийнхаа дуучны уран бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Соёлын төвөөс жил бүр алдарт дуучны нэрэмжит соёл урлагийн үйл ажиллагааг зохион явуулдаг уламжлалтай. Мөн дуучны намтар түүх, уран бүтээлийг залуу хойч үеийнхэндээ сурталчлан таниулах ажлыг жил бүр зохион байгуулж байна.

Тухайлбал сүүлийн хоёр жил П.Адарсүрэнгийн дууг хэн хамгийн сайн дуулах вэ?” нэртэй урд бүсийн сумдын аварга шалгаруулах уламжлалт тэмцээнийг амжилттай зохион байгуулж, 60 гаруй уран сайханч оролцож байсан. Цар тахлын үед олон нийтийн үйл ажиллагааг явуулахгүй байгаа гэж Цагаанхайрхан сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд П.Адарсүрэн нь 1942 оны 3-р сарын 1-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт Хярын зуслан хэмээх газар Цэвэгжавын гурав дахь хүү болон төржээ.

Тэрээр хоёр дүүтэй, нэг ах, нэг эгчтэй байсан бөгөөд Пэлжээгийнд өргөгдөн Цагаанчулуут суманд амьдарч байсан гэдэг. 1970 оноос Улаанбаатар хотод шилжин Модны хоёрдугаар үйлдвэрийн клубийн эрхлэгчээр ажиллан, 1971 оны 11-р сарын 6-нд УАДБЧ-д дуучнаар орж, ХЦДБЧ-д 1980-аад оны дунд үед ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон бөгөөд 1998 оны 10-р сарын 19-нд насан өөд болжээ. 

 

Холбоотой мэдээ