Баталсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-10-05 07:57:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах болон энэ оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.


Цар тахлаас сэргийлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд өнгөрсөн жилүүдэд татварын хөнгөлөлт, тусламж үзүүлэх, хөл хорионы дэглэм тогтоох зохицуулалт хийснээр 2020, 2021 оны төсвийн зарим орлого тасарсныг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.


Иймд, нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт тодотгол хийхдээ урсгал зардлыг танаж, заримыг нь зайлшгүй хийх шаардлагатай ажилд шилжүүлэх зэргээр баталсан төсөвт зохицуулалт хийхээр тусгажээ. Төлөөлөгчид энэ үеэр зураг төсөвтэй, нэн шаардлагатай ажлыг тодотголд тусгах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал боловсрол, нийгмийн салбарт чиглэсэн ажлыг санхүүжүүлэх цөөнгүй санал гаргав.


Мөн 2022 онд ч төсвийн орлого тасрах эрсдэлтэй гээд төсөлд зайлшгүй хэрэгтэй, нэн тэргүүний ажлыг төлөвлөх шаардлагатай гэв. Ингээд Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаанаас гарсан саналуудыг хуралдааны санал, дүгнэлтэд тусгаж, НИТХ-ын ээлжит бус III хуралдааны II хэлэлцүүлэгт танилцуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ