Говь-Алтай аймаг 108 сая мод тарьж ургуулна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-01 18:05:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 1 тэрбум мод тарих санаачилгыг дэмжиж “Говь-Алтай аймаг 108 сая мод тарьж ургуулна” хэмээн Засаг дарга О.Амгаланбаатар мэдэгдлээ.

Тэрээр:

-“Говь-Алтай аймгийн тухайд 1960 оны үед шороон шуургатай өдрүүд жилд 6-8 байсан бол өдгөө жилд 130 өдөр болж нэмэгдсэн. Энэ нь говьд ургадаг загийг түлшинд их хэмжээгээр хэрэглэж байгаа нь салхи үүсч, шороогоор шуурах нөхцөл бий болсон гэж цаг уурчид үздэг. Тиймээс бид говьд ургадаг заг, сухай, тоорой, шар мод болон хар мод, жимсний төрөл бүрийн модыг тарьж ургуулахыг төлөвлөөд байна. Ингэснээр Говь-Алтай аймаг 10 жилийн хугацаанд 108 сая мод тарьж ургуулах зорилт тавьж байгаа. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 1 тэрбум мод тарих санаачилгыг хамгийн эхэнд дэмжин мод тарих ажилд Алтайнхан нэгдэнэ” гэдгээ илэрхийлэв.

Мод тарих ажлын хүрээнд энэ оны 11 дүгээр сард сумдаар явж загийн үр, ирэх хавар тооройн үр цуглуулах, сухайг мөчрөөр нь суулгах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн 10 суманд заган ой, 5 суманд шинэсэн ой, өөрөөр хэлбэл 1,6 сая га орчим талбай ой модтой байна. 


Холбоотой мэдээ