Сүүлийн 42 жилд хамгийн дулаахан 10 дугаар сар 1990 онд тохиожээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-10-01 17:00:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цаг уурын байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Аравдугаар сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -8…-2 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +2...+8 хэм, бусад нутгаар -2...+2 хэм дулаан байдаг.


Сарын агаарын дундаж температур 1988-1991, 2008-2011 оны хооронд дараалан ОЖД–аас дулаан байсан аж. Гэхдээ 1984-1987 онуудын 10-р сар дараалан ОЖД-аас хүйтэн байжээ. ОЖД-аас 1990 оны 10 дугаар сар 3 хэмээр дулаан байсан байна. Энэ нь1979 оноос хойш тохиолдсон хамгийн дулаан 10 дугаар сар болсон байна.  Харин ОЖД-аас 4.5 хэмээр хүйтэн буюу  хамгийн хүйтэн 10 дугаар сар  (1979 онооос хойш)  1981 онд болж өнгөрчээ .


Аравдугаар сарын нийлбэр хур тунадас (цасХэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм ордог гэж цаг агаарын 10 дугаар сарын урьдчилсан тоймд онцолжээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ. Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгдэнэ.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас (цас) Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд-сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн дунд-сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар. Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудын нутаг, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв аймгуудын баруун хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас (цас) ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас (цас) нийт нутгаар ОЖД–ийн орчим орноНэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд-сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр хур тунадас ОЖД–аас ахиу орно. Бусад нутгаар дунджийн орчим байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.  Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд-сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи ширүүсч 14–16 м/с хүрэх буюу зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй хэмээн цаг агаарын энэ сарын урьдчилсан мэдээнд дурджээ


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хувь хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.  


Аравдугаар сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас (цас, бороо) орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Харин төвийн аймгуудын ихэнх хэсгээр агаарын температур ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна  гэж цаг агаарын  байгууллагаас зөвлөжээ.

Холбоотой мэдээ