Шигшээ багтаа эргэж ирэхийг Мессигээс домогт Пеле хүсэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-07-05 12:26:04

ЛОНДОН. /Prensa Latina/. Аргентины шигшээ багаас гарахгүй байхыг Лионель Мессид хандан Бразилын домогт хөлбөмбөгчин Э́дсон Ара́нтис ду Насиме́нту буюу Пеле хүслээ.

“Үнэхээр гунигтай, харамсалтай байна. Гэхдээ Меси жаахан хүлээцтэй байж, үүнийг мартах хэрэгтэй. Олон сайн хөлбөмбөгчинд тохиолдож л байдаг явдал шүү дээ. Тэд бүгд л торгуулийн цохилтыг нэг удаа алдсан байдаг” гэж Пеле хэлээд “Месси намайг сонсоно гэж найдаж байна” гэжээ.

Мөн Пеле хэлэхдээ “өнгөрсөн 10 жилийн хугацаанд Месси дэлхийн хамгийн шилдэг тоглогч байсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Түүнд тохиолдсон шиг явдал хөлбөмбөгийн спортынхонд гарч л байдаг. Зүгээр л нэг торгуулийн цохилт шүү дээ. Мартах хэрэгтэй” гэсэн юм.

“Copa América” буюу Америк тивийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод Аргентины баг Чилийн багт торгуулийн цохилтоор хожигдсоны дараа Месси шигшээ багаасаа гарахаар шийдсэн билээ.

Түүнийг энэ шийдвэрээ эргэн харахыг 29 настай алдарт хөлбөмбөгчнөөс хүсч буй дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн нэг нь Пеле боллоо.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ