БНСУ-д нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглож магадгүй

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-09-28 11:45:58

СӨҮЛ. /Reuters/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин амьтны эрхийн талаарх мэдлэг ойлголт нэмэгдэж байгаа энэ үед нохойн махны хэрэглээг хориглох шаардлагатай байгааг үгүйсгээгүй байна.  


Тэрбээр хаягдсан амьтдад тавих анхаарал халамжийг сайжруулах, нохойг заавал бүртгэх системийн талаар түүнд тус улсын Ерөнхий сайд Ким Бу Кюм мэдээлэл хийсний дараа ийм мэдэгдэл хийжээ.


Мүн Жэ Иний хэвлэлийн төлөөлөгч Пак Гён Миний мэдээлснээр, "тэрбээр мэдээлэл хийсний дараа нохойн махыг хориглох асуудлыг нухацтай авч үзэх цаг нь болсон гэж хэлсэн байна".


БНСУ-ын Ерөнхийлөгч нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох талаар анх удаа ярьсан нь энэ зан үйлийг хязгаарлах ёстой эсэх тухай маргааныг дахин дэвэргэж магадгүй байна.


“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч зарим хүмүүс нэр хүндээ өсгөхийн тулд нохойн махыг хориглох амлалт өгчээ. 


Тухайлбал, БНСУ-ын хамгийн олон хүн амтай Гёнги мужийн захирагч, Мүн Жэ Иний намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ли Жэ Мён олон нийт зөвшөөрсөн тохиолдолд нохойн махны хэрэглээг хориглоно гэж амласан байна. Харин сөрөг хүчний удирдагч Юн Сок Юл энэ бол иргэдийн хувийн сонголт гэж мэдэгджээ.


Амьтан хамгаалах “Aware” байгууллагын захиалгаар энэ сард явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл түүнд оролцогчдын 78 хувь нь нохой, муурны махны үйлдвэрлэл, борлуулалтыг дүүргэх шаардлагатай гэж үзсэн бол 49 хувь нь хориглохыг дэмжсэн байна.


Харин “Realmeter” судалгааны компаниас явуулсан өөр нэг судалгаагаар түүнд оролцогчдын 59 хувь нь нохойг хүнсэнд хэрэглэх зорилгоор нядлахыг хориглохыг дэмжжээ.


Нохойн махыг Өмнөд Солонгост урьдын адил түгээмэл хэрэглэхээ больсон бөгөөд ихэвчлэн ахмад настнууд иддэг байна. Зарим  хоолны газар, ресторанууд нохойн махаар хоол хийсэн хоолоор үйлчилдэг бол нохойн махыг тусгай захуудаар худалддаг.


Холбоотой мэдээ