Сонгуулийн хэсэг, хороодод хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-17 07:26:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн эрхийг хангасан байдал, хүртээмжид хийсэн судалгааны тайлан гарсан байна.


Уг судалгааг Монголын багш-эцэг эхийн холбооноос АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн” төслөөр хийсэн юм.


Дээрх төслөөр хараа, сонсгол, хөдөлгөөний болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн төлөө ажилладаг 20 иргэнийг сонгон сонгуулийн ажиглагчаар бэлтгэсэн юм. Бүрэлдэхүүнд 15 эмэгтэй, таван эрэгтэй ажиглагчид байснаас харааны бэрхшээлтэй гурав, тулгуур эрхтний бэрхшээлтэй дөрөв, сонсголын бэрхшээлтэй арван нэг, сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө ажилладаг хоёр иргэн байжээ. Эдгээрээс дөрөв нь Дархан уул, Завхан, Увс аймгийн хөгжлийн бэрхшээлтэй ажиглагч байв. Ажиглагчид  сонгуулийн сурталчилгааны хугацаанд болон санал авах өдөр телевиз, цахим хуудас, сурталчилгааны хэвлэсэн бүтээгдэхүүний мэдээллийн хүртээмжтэй байгаа эсэхэд хяналт тавьсан байна.


Сонгуулийн сурталчилгааны явцад телевизийн нэвтрүүлгүүд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, улс төрд хийж хэрэгжүүлсэн ажил, хувь хүн талаас нь гаргаж мэдээллээ дохионы хэлний орчуулгатай явуулж байсан тул сонсголгүй иргэдэд хүртээмжтэй байсан гэж дүгнэсэн байна. Мөн ухрааж үзэх боломжтой сувгуудаар гарч байсан нь үзэж амжаагүй иргэд дараа нөхөж үзэх боломжтойгоороо давуу талтай байжээ. Гэхдээ нэвтрүүлэг гарч байх хугацаанд дохионы орчуулагчийн арын өнгө хэт бүдэг харанхуй, зарим тохиолдолд тал гарч, бас хэлмэрчийг үзүүлэх хэмжээ жижиг байсан байна. Зарим танилцуулгад дохионы хэлмэрчийг гаргалгүй дүрс, бичвэр буюу зөвхөн яриа хэлбэрээр гаргаж байсан нь сонсголын бэрхшээлтэй иргэд мэдээллийг бүрэн авч чадахгүй өнгөрөхөд хүргэж байв. Харин фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээнд 3 намын 7 өдрийн мэдээ, лайв хөтөлбөрийг ажиглахад  зөвхөн 3 үйл ажиллагаа дохионы хэлний орчуулгатай байсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллээ тэгш авах боломжийг хязгаарласан байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хэсгийн хороодод нэг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаагүй байна. Санал авах байрны ажилтнуудын 63 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийг дэмжих сургалтад хамрагдсан хэдий ч сонсголгүй сонгогч ирэхэд харилцах самбар ашиглах тухай мэдэхгүй буюу ашиглахгүй, хараагүй сонгогчийг гараа ариутгахыг зөвлөсөн ч хаана байгааг чиглүүлэлгүй орхих зэрэг дутагдал гарсан байна.


Харааны бэрхшээлтэй сонгогчид брайль хавтсыг сонгуулийн хэсэг бүрт хүртээмжтэй хуулийн дагуу хүргэсэн байна. Гэвч тус хавтсыг далд байлгах, саналын хуудаст тааруулж өгөөгүй, саналын бүхээгт аудио зааварчилгаа байхгүй, том үсгээр хэвлэсэн эсвэл хар дээр цагаанаар бичсэн санал тэмдэглэх зааварчилгаа зэргийг бэлтгээгүй байна. 38 санал авах байранд гадна болон дотор хөтөч зам тавьсан эсэхийг хянахад зөвхөн 4 байранд л байрлуулжээ. Мөн санал авах байр дотроо тод чиглүүлэгч эсвэл ханын бариулыг байрлуулсан нь мөн л 4 санал авах байр байв. 


Иймд санал авах байрны дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг харгалзан сонгон зохион байгуулах, дараагийн УИХ, ИТХ-ын сонгуулиар саналын бүхээгт нэр дэвшигч нарын зураг бүхий хуудсыг бэлтгэн хөгжлийн бэрхшээлтэй сонгогчийн бүхээгт байршуулах, сонгуулийн хэсэг, хороодод хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулахыг зөвлөсөн байна. Мөн сонгогчийн боловсрол олгох мэдээллийн хүртээмжээ одоо хэрэгжүүлж байгаа дохионы хэлний орчуулга хадмал тайлбартай хүргэдэг сайн туршлагаа улам өргөжүүлэн, батжуулахыг СЕХ-нд зөвлөжээ.


Харин улс төрийн намуудад ухуулга, сурталчилгаанд үргэлж дохионы хэлний хэлмэрчтэй хамт мэдээлэл хүргэх, видео мэдээллээ байнга дохионы хэлний орчуулга, хадмал тайлбартай хүргэж байх, хэвлэмэл сурталчилгаагаа брайль, том үсгээр, хар дээр цагаанаар зэргээр тохиромжтой хэвлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах тухай намын дүрэмдээ тодорхой тусгахыг зөвлөсөн байна.


Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад телевизийн болон цахим хуудсаар сонгогчийн боловсрол олгох төлбөргүй видео мэдээлэл хүргэхдээ аудио тайлбартай, дохионы хэлмэрчтэй хүргэж байх, СЕХ-ноос дохионы хэлний орчуулагчтай мэдээллээ хүргэж байхад орчуулагчийг хасахгүйгээр хүний эрхийн мэдрэмжтэй хүргэх, зураглаачийг бэлтгэн сургах, мэдээ, хөтөлбөрт хэлмэрчийг дэлгэцийн наймны нэгээс багагүй талбайд цоолж үзүүлж байхыг зөвлөв.

Холбоотой мэдээ