"Токио-2020" наадмын тамирчдын орыг дахин ашиглана

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-09-12 12:14:21

ОСАКА. /Kyodo/. Токиогийн Олимп, Паралимыпн наадмын үеэр тамирчдын унтаж байсан, картон цаасаар хийсэн орнуудыг “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэхэд ашиглах хүсэлтэй байгаагаа Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүми бямба гарагт мэдэгджээ.


Токио хотын тамирчдын хотхон дахь дахин боловсруулах боломжтой орнуудыг Японы баруун нутгийн мужийн эмнэлгийн түр байгууламжид энэ сарын эцсээс ашиглаж эхлэх төлөвтэй байна. Эдгээр орыг Олимпын тамирчдад зориулан бүтээсэн тул чанар сайтай гэдгийг Ё.Хирофүми сэтгүүлчдэд мэдээлжээ.


Ингэснээр Токиогийн наадмын үеэр ашиглаж байсан 200 килограмм хүртэлх даацтай 800 орчим орыг “COVID-19”-өөр халдварласан хөнгөн болон шинж тэмдэггүй өвчтөнүүдэд зориулсан эмнэлгийн байгууламж руу зөөвөрлөхөөр төлөвлөж байгаа ажээ. 


Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Олимп, Паралимпын наадмын тамирчдын хотхонд 18 мянга орчим ор ашигласан байна. Долоодугаар сарын 23-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн "Токио-2020" наадам өнгөрсөн долоо хоногийн ням гарагт өндөрлөсөн билээ. 

Холбоотой мэдээ