“TikTok”-ийн од Эддисон Рэй “Netflix”-тэй гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-10 16:22:41

ВАШИНГТОН. /CNN/. TikTok” нийгмийн сүлжээний од Эддисон Рэй Холливудын ертөнцөд албан ёсоор хөл тавихаар болжээ. Тодруулбал, “Netflix” компани түүнтэй олон кинонд дүр бүтээх гэрээ байгуулсан талаар “Variety” сэтгүүл мэдээлжээ.


Э.Рэйн гол дүрд нь тоглосон “He's All That” кино өндөр амжилт үзүүлээд буй юм. Энэхүү кино нь 1999 онд дэлгэцнээ гарч байсан “She's All That” киноны шинэчилсэн хувилбар ажээ. “He's All That” дэлхийн олон оронд хэдийнээ шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.


Netflix” компанитай хамтран ажиллахаар болсон нь миний хувьд итгэмээргүй үйл явдал байлаа. Ингэснээр мөрөөдлийнхөө төлөө үргэлжлүүлэн хичээн зүтгэх боломж бүрдэж байна. Мөн гайхалтай хамт олонтой хамтран ажиллаж, жүжигчний хувиар ур чадвараа улам хөгжүүлэх төслүүд дээр ажиллах гэж буйдаа туйлын их баяртай байна” гэж тэрбээр “Variety” сэтгүүлд ярьжээ.


Э.Рэй “He's All That” киноны дүрдээ тоглох эрх авахын тулд хоёр удаа сонгон шалгаруулалтад орсон байна. Өдгөө 20 настай тэрбээр “TikTok”-т 83.3 сая, “Instagram”-д 39.2 сая дагагчтай байгаа юм. Мөн энэ оны эхээр “Obsessed” нэртэй дуугаа цацжээ.  

Холбоотой мэдээ