Ургац хураалтад ажилтан хамруулах судалгаа гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-10 08:13:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ажил олгогчийн судалгаа гаргалаа.


Судалгаанд Төв, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийг хамруулахад зарим аймаг нийслэлээс ажиллах хүч авах боломжтойгоо мэдэгджээ.


Тухайлбал, Дархан-Уул аймгийн 37 ажил олгогч байгууллага хүнсний ногоо хураахад 1148 оюутан, суралцагч авч ажиллуулан, өдрийн цалин 35.000-40.000 төгрөг байна гэжээ. Булган аймаг мөн ийм цалинтай байхаас гадна хоол, унааны зардлыг аж ахуйн нэгж, байгууллага шийдэхээр тусгажээ.


Харин Сэлэнгэ аймаг ХНХЯ, Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржид ажлын байрны захиалга өгөхдөө нэг өдрийн 30.000-40.000 төгрөгийн цалинтай ажиллуулна гэсэн байна. Түүнчлэн, Орхон аймаг цэргийн алба хаагчдаас өдрийн 40.000 төгрөгийн цалинтай 600 хүн авах хүсэлтээ гаргажээ.


Төв, Дархан-Уул аймгийн 105 ажил олгогчоос орон нутаг, Улаанбаатар хотоос  ургац хураалтад ажиллуулах 2442 иргэний судалгааг ирүүлжээ. Энэ хоёр аймаг ажиллах нөхцөл, ажлын хөлс, хоол хүнс, унааны зардал зэргийг хариуцаж гэрээнд тусгахдаа, коронавирусний шинжилгээг нэгдсэн журмаар хийхийг тэмдэглэсэн байв.


Ургац хураалтад цагийн ажилтан хамруулах талаар их, дээд сургуулийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулан мэдээлэл хүргэж байна. Оюутан, залуус, ажил хайгч иргэд ургац хураалтад ажиллах хүсэлтэй бол өөрийн сурч буй сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандах аж. 

Холбоотой мэдээ