“Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийн явц 80 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-09 12:37:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд Улаанбаатар хотод хийж буй дулааны шугам сүлжээний бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, шинэчлэлтэй танилцлаа.


Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр өнгөрсөн 7 дугаар сард “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр дулааны 8 дугаар магистралийн шугамыг өргөтгөн шинэчлэх, 5, 12 дугаар магистралийн холбоос 600 мм голчтой шугам шинээр барих 4 багц ажлыг эхлүүлсэн. Одоогоор ажлын явц 80 хувьтай байна. Хуваарийн дагуу шугам угсралтыг энэ сарын 15-нд, нөхөн сэргээлтийг аравдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ.


Цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтад ашиглах ган хоолой, бусад үндсэн тоноглолын нийлүүлэлт хил дээр саатсан ч шаардлагатай арга хэмжээг авснаар эхний ээлжийн 744 метр шугамын ажлыг дуусгажээ. Ингэснээр Баянгол дүүргийн 10-р хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувь буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг хэрэглээний халуун усаар хангаад байна. Мөн Саппоро, Цамбагарав худалдааны төв орчмын хэрэглэгчдийн шугамыг залгаснаар нийт 15 орон сууцны 2940 айл өрх холбогдоно.


Төслийн “Багц 1”-ийн хүрээнд гүйцэтгэж буй 840 хос метр шугамын угсралтыг энэ сарын 11-нд дуусгаснаар 16 орон сууц, 2710 айл өрх, 20 аж ахуйн нэгжийг залгаж, нийт 70 орон сууц, 8900 айл өрх, 30 аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүллээ.


Сайд Н.Тавинбэх дулааны шугам, сүлжээний засвар шинэчлэлийг хугацаанд нь чанартай хийх чиглэл өгөөд, засвар үйлчилгээтэй холбоотой бараа материалын татан авалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.



Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжсэнээр төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр, агаар орчны бохирдлыг багасгах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламж, бага, дунд чадлын халаалтын зуухтай газрыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломж бүрдүүлнэ. Мөн дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх аж.


Төсөл нь төвлөрсөн дулаан хангамжийн системд сүүлийн 20 гаруй жилд анх удаа хийж байгаа гадны томоохон хөрөнгө оруулалт, ЕСБХБ-наас манай улсын эрчим хүчний салбарт хамтран хэрэгжүүлж буй анхны төсөл гэдгийг ЭХЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ